Холливүүдийн цуутай хосуудын нэг Анжелина Жоли, Брэд Питт нар 2016 онд салах шийдвэр гаргаж байв.
Гэхдээ тэдний хооронд өмч хөрөнгийн маргаан дуусаагүй үргэлжилж байгаа.
Өнгөрсөн оны аравдугаар сард Жоли өмнөд Франц дахь дарсны үйлдвэр, усан үзмийн тариаланд эзэмшдэг хувиа Оросын олигархид зарж байжээ. Жолигийн хувийг худалдаж авсан Tenute del Mondo компани нь Оросын тэрбумтан Юрий Шефлерийн шингэн хүнсний Столи Группийн бүрэлдэхүүнд багтдаг юм байна.
Уг дарсны эдлэн газарт Жоли, Питт нар хуримаа хийж байсан түүхтэй.
Өнгөрсөн хоёрдугаар сард Питт хувиа өөртэй нь зөвшилцөлгүй зарсанд Жолийг буруутгаж байжээ.
Тэгвэл тэр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Лос-Анжелесийн шүүхэд Жолигийн эсрэг гомдол гаргасан байна.
Питт гомдолдоо Жолийг уг бизнесийг унагаж, өөрийг нь хорлох зорилгоор хувь эзэмшлээ “бүтэхгүй этгээдэд” зарсан гэж мэдэгджээ. Бас Шефлерийг “Владимир Путиний ойрын хүрээний хүн” гэж тодорхойлсон байна.
Гэхдээ Шефлер одоо ОХУ-д амьдардаггүй бөгөөд компани нь Латви улсад төвлөрдөг.
Оросын цэрэг Украинд халдан довтолсны дараа гуравдугаар сард Шефлер өөрийгөө Путиний бодлогыг шүүмжилдэг тул 2002 онд ОХУ-аас дүрвэсэн гэж мэдэгдээд бүтээгдэхүүнийхээ хаяг шошгыг өөрчлөх замаар Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлж байжээ.
Харин Питтийн гомдолд “Хэдийгээр Шефлер өөрийгөө Путиний дэглэмээс салгах гэж цөхрөлтгүй оролдож байгаа ч Столи брэнд нь нэгэнт олон улсын өмнө өндөр хариуцлага хүлээх ёстой болоод байгаа” гэсэн байна.
Өөрөөр хэлбэл Франц дахь дарсны бизнес нь эзлэн түрэмгийлэгч улстай холбоотой болсноор брэндийн нэр хүнд унах эрсдэлтэй болсон гэж Питт тайлбарлажээ.
Жоли, Питт нар 2005 онд “Mr and Mrs Smith” кинонд хамт дүр бүтээснийхээ дараа дотно харилцаатай болж байв.
Тэд өөрсдийн гурван хүүхэдтэйгээс гадна өргөж авсан гурван хүүхэдтэй юм.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна