2024/11/26

Төө хэрийн зузаантай мөндөр бууж, аадар бороо орсны улмаас хоёр мянга орчим мал үерт автжээ

info@inder.mn
2018/07/26

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт энэ сарын 24-нд мөндөр орсны улмаас үер бууж, хоёр мянга орчим мал осгож, үерт урсжээ.

Цогтцэций сумаас урагш 20 км орчимд Цэций уулын ар хөндийд 10 км өргөн, 20 км урттай газарт төө хэрийн зузаантай мөндөр буусан гэж нутгийнхан хэлж байна.

Энэ талаар тус сумын Засаг дарга О.Бадарчаас тодруулахад "7 дугаар сарын 24-ны өдрийн 16-17 цагийн хооронд Цэций хайрхны ар хөндийд хүчтэй аадар бороо, мөндөр орж, үeрлэн 8 өрхийн 2000 орчим мал үeрт автаж, мөн осгож хорогдлоо. Тус сумын Гал унтраах 44 дүгээр ангийн аврагчид уг үерээс 4 тээврийн хэрэгсэл, 5 хүнийг гаргаад байна. Одоо гамшгийн хохирол арилгах буюу сэг зэмийг устгах, булшлах ажилд 70 орчим хүн ажиллаж байна" гэлээ. 

Үерт авсан айлуудыг болон иргэдийг аврах ажилд тус суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд машин техник, хүн хүчээр тусласан байна.

Энэхүү үерийн улмаас нэг айл бүх малаа үерт алдсан гэдэг мэдээллийг мөн сумын Засаг дарга өгсөн. Үер буусан газарт хохирол арилгах ажлын хэсгээс гадна хохирлын хэмжээ тогтоох ажлын хэсэг ажиллаж байгаа аж. 

Харин нүүрс тээвэрлэлийн авто замд ямар нэгэн гэмтэл гараагүй байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна