2024/11/27

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан болов

info@inder.mn
2024/03/29

Монгол Улсын Засгийн газар-Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хамтарсан удирдах хорооны өргөтгөсөн хуралдаан өчигдөр Гадаад харилцааны яаманд болов.

Хамтарсан удирдах хорооны хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар хамтран даргалж, хуралдаанд тус хорооны гишүүдээс гадна манай улсын хөгжлийн түншүүдийн төлөөлөл урилгаар оролцов.

Хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн 2023 оны хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгарч буй бэрхшээл, 2024 оны ажлын төлөвлөгөө, хамтран хэрэгцүүлэх үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэж, гишүүд, оролцогчид байр сууриа илэрхийлэв.

Монгол-НҮБ-ын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд 2023 онд хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах, ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих, хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх гэсэн үндсэн чиглэлүүдийн хүрээнд 51,5 сая ам.долларын санхүүжилт бүхий 158 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна.

Хуралдааны үеэр хамтарсан хорооны гишүүд “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” баримт бичгийн хүрээнд 2024 онд анхаарч ажиллах тэргүүлэх чиглэлүүд, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаарх саналыг хэлэлцэж, Монгол Улсын хөгжлийн бодлого, чиглэл, хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр өгөөжтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ НҮБ-ын системийн байгууллагууд үйл ажиллагаа, нөөц санхүүгээ илүү уялдуулж ажиллахыг зөвлөмж болгов.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна