2024/10/23

Нидерландын хаант улс болон Саудын Арабын хаант улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, тохиролцлын бичиг байгуулав

info@inder.mn
3 цаг 50 минутын өмнө

Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага (ICAO)-ын Олон Улсын Иргэний нисэхийн aгаарын хэлэлцээрийн хурал “ICAN2024”-д оролцож буй Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Нидерландын Хаант Улсын төлөөллүүдтэй уулзаж, агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хэлэлцээр нь Монгол Улс Нидерландын Хаант Улстай 1995 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах зорилготой юм. Мөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх үүсэж байна.

Түүнчлэн Саудын Арабын Хаант улстай агаарын харилцааны хэлэлцээрийн төслийг тохирч тохиролцлын бичигт гарын үзэг зурлаа. Тус тохиролцлын бичигт aгаарын харилцааны хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, талууд холбогдох хууль тогтоомж дүрэм журмын дагуу хэлэлцээрийн төслийг үзэглэх, батлах болон дотоод эрх зүйн ажиллагааг түргэн шуурхай гүйцэтгэхийг зорьж ажиллахыг эрмэлзэв.

Эдгээр хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх нь олон улсын нислэгийн сүлжээг өргөжүүлж, улс хоорондын агаарын харилцааг сайжруулах, шинэ зах зээлд нэвтрэх, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна