2025/06/07

ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүлэв

info@inder.mn
2025/06/04

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.04) хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 25 минутад эхэлж, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг танилцуулав.


Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар тогтоолоор Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийг ахалж, Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд нарын бүрэлдэхүүнд нь ажилласан байна. Ажлын хэсэг 3 удаа, ажлын дэд хэсэг 3 удаа хуралдсан бөгөөд хуулийн төслийн талаар 12, найруулгын 3 санал, хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийн талаар 5 саналыг боловсруулжээ. Тухайлбал, хуулийн төслөөр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд хязгаарлалт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, боломжит хамгийн бага түвшинд байх шаардлагыг хангасан эсэхийг хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээнд нэмж тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Мөн тухайн жилийн улсын төсөв, төсвийн тодотголын хуулийн төслийг дагалдуулан зөвхөн тухайн жилийн төсөвт нөлөөлөл үзүүлэх хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх бөгөөд энэ тохиолдолд тухайн хууль тогтоомжийн төслийн төсвийн орлого, зарлага, төсвийн тэнцэлд үзүүлэх нөлөөлөл холбогдох тооцооллыг хуулийн төслийн танилцуулгад тодорхой тусгах зохицуулалтыг төсөлд тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулсныг О.Номинчимэг гишүүн танилцуулав.


Хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийн үр нөлөөний үнэлгээг хөндлөнгийн судлаач, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нь оновчтой хэмээн үзсэн байна. Мөн төсөлд тусгагдсан хууль санаачлагч хууль тогтоомжийн төслийг баталснаар үүсэх зардлын тооцоог үнэлж, тодорхойлох шаардлагаас эдийн засагт үзүүлэх нөлөөллийн үнэлэх асуудлыг хасах нь зүйтэй хэмээн үзжээ.

Хуулийн төсөлд захиргааны хэмжээний акт батлах эрх олгосон зохицуулалтад тусгахад тавигдах шаардлага гэсэн хэсгийг өөрчлөн найруулах, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүдийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзэж, холбогдох саналын томьёоллыг боловсруулжээ. Түүнчлэн “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хууль санаачлагчид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий төрийн холбогдох байгууллагуудын албан хаагчдыг холбогдох аргачлал, арга зүйгээр хангах, чадавхжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжүүлэх; хуулиар тусгайлан эрх олгогдоогүй бөгөөд нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр баталсан дүрэм, журам, заавар, аргачлалыг хүчингүй болгох; хуульд заасны дагуу баталсан боловч бүртгүүлээгүй захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын удирдлагад даалгах талаар тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.


О.Номинчимэг гишүүний танилцуулсан ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, аливаа төслийг боловсруулахдаа дагалдан гарах хуулийн төслүүд болон дагалдан гарах хэм хэмжээ тогтоосон актуудыг хамтад нь боловсруулаад хууль тогтоогчид танилцуулах зохицуулалтыг төсөлд тусгаснаар олон асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг байр суурийг илэрхийллээ. Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой зохицуулалтын талаар тайлбар хэлээд хэм хэмжээ тогтоосон актуудын хяналт, бүртгэлийг хэрхэх талаар санал хэлсэн.


Ажлын хэсгийн ахлагч түүний асуултад хариулт, тайлбар өгсний дараа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, гишүүдээс болон ажлын хэсгээс тухайн зүйлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн.




Энэ явцад Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг дахин ажиллах шаардлагатай гэж үзсэн учраас хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргалаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх горимын саналыг дэмжснээр Байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна