2025/07/01

ЗҮҮН АЗИЙН ОРНУУД ДЭЭД БОЛОВСРОЛД ХИЙМЭЛ ОЮУНЫГ НЭВТРҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

info@inder.mn
14 цаг 22 минутын өмнө

2025 оны Зүүн Азийн бүс нутгийн бодлогын хэлэлцээр “Хиймэл оюуныг нэвтрүүлсэн дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдвийн хүрээнд боллоо.

Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга нээж хэлсэн үгэндээ “ Хиймэл оюун (AI) нь багш, ажилтнуудыг орлох бус харин тэднийг дэмжих хэрэгсэл байх, бид оюутнуудаа AI‑ийг ухамсартайгаар ашиглаж, өөрийнхөө бие даасан бодол, сэтгэлгээг хөгжүүлэх, ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлэхэд сургах мөн оюутнуудын хувийн мэдээллийг чанд хамгаалж, багш нарыг AI‑тай үр дүнтэй, хариуцлагатай хамтран ажиллахад бэлтгэх хэрэгтэй байна” гэв.

Энэхүү хэлэлцээрээр бүс нутгийн боловсролын салбарын төлөөлөл, бодлого боловсруулагчид, судлаачид, багш нар, хувийн хэвшлийнхэн, олон улсын байгууллагуудыг нэг дор цуглуулж, хиймэл оюуны (ХО) технологийг дээд боловсролд хэрхэн хариуцлагатай, үр дүнтэйгээр ашиглах талаар хэлэлцсэн юм.

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хиймэл оюун ухаан, ялангуяа үүсгэгч хиймэл оюун (Generative AI)-ы хэрэглээ хурдацтай нэмэгдэж Зүүн Азийн улс орнууд энэхүү технологийн боломжийг боловсролын салбарт ашиглах тал дээр олон сайн туршлагыг бий болгож эхэлжээ. ЮНЕСКО болон түүний харьяа байгууллагуудын хийсэн судалгаагаар бүс нутгийн орнууд дижитал шилжилтийн тодорхой түвшинд хүрч, цаашдын хамтын ажиллагаа, бодлогын уялдаа холбоог бий болгох хэрэгцээтэй байгааг онцолсон байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна