2025/10/29

​Үндсэн хуулийн зөрчил буюу сэтгэл хөдлөл, сэтгэгдлийн хөөсрөл

info@inder.mn
14 цаг 40 минутын өмнө

Хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын “Үндсэн хуууль зөрчсөн эсэх” маргаан эцэстээ нам доторх талцал, эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ хүрч, олон нийт, хуульчид асуудлыг тал бүрээс нь харж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Үндсэн хуулиар нарийн мэргэшээгүй хүмүүс өөрсдийн хувийн сэтгэгдлээрээ асуудалд хандаж ярилцаж байгаа юм шиг, үндэслэл, гаргалгаа, шийдэл байхгүй улстөрийн мэдэгдлүүд хийсэн. Сэтгэл хөдлөл, сэтгэгдэл хоёрын хөөсрөл” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Нэг нь шийдвэрээ урьдчилаад захиалсан, нэг хэсэг нь тэр шийдвэрийг биелүүлэх гэж жүжиг тоглож байна гэх хатуухан  шүүмжлэл ч хэллээ.

Тэрбээр “Парламент заавал хуралддаг байх ёстой. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийн барьцаанд ороод хуралдахгүй байгаа бол энэ Үндсэн хуулийн зөрчил. Парламентыг хуралдуулахгүй гэж байгаа гүйцэтгэх эрх мэдэл байвал энэ Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг” гэж чухам хэн нь Үндсэн хууль зөрчив гэсэн асуултад тодорхой хариулт өгчихлөө.

О.Мөнхсайхан бол Үндсэн хууль судлаач. Гэтэл Үндсэн хуулийн 66 дугаар зүйл дээр маш тодорхой байгаа заалтыг үгүйсгэсэн. Тодруулбал, парламент буюу УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг болон засгийн бүх эрх мэдэл ард түмнийх гэсэн Үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэсэн. Үндсэн хуулийн суурь үзэл санааг үгүйсгэсэн шүүгч бол шүүгч байх боломжгүй.

“Тэгэхээр ийм нарийн мэргэжилтэн ийм алдаа гаргах нь нэг бол судалсан боловсрол мэдлэг нь өнгөц байж. Эсвэл түүнийгээ үгүйсгэх хэмжээний дарамт шахалтад байгаа юм биш биз гэсэн эргэлзээ төрж байна. Шийдвэр нь урьдчилаад гарчихсан. Тэр шийдвэрээ албажуулах процесс яваад байна уу” гэх УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн дүгнэлт тоохгүй орхиж болох зүйл огтхон ч биш юм.

Ерөөс “Үндсэн хуулийн цэц улстөрийн шийдвэр гаргасан уу” гэдэг өнцгийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хөндсөн.

Дээр нь хөх тэнгэр байх ёстой Үндсэн хуулийн цэц хэрэв улстөрийн шийдвэр гаргаад байвал Монголын төрд, хуульд итгэх олон нийтийн итгэлийг сэргээх талаар бодоод ч хэрэггүй.

Айл гэрдэж тоглох уу, ард түмнээ бодох уу. Улстөрийн намын дотоод дахь хагарал, хэсэг бүлэг хүний албан тушаалын шуналд автвал эргээд харамсахад оройтох вий...


                                                                                                                                                                                                                                                                               ЭММА



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна