2025/11/10

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа

info@inder.mn
6 цаг 16 минутын өмнө

Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг 2025 оны 10-р сарын 30-нд өргөн мэдүүлсэн. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзаж, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” буюу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцуулан, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Уулзалтад Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнууд оролцов.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг танилцууллаа. Тэрбээр Монгол Улсын Үндсэн хуулийн 27.1.5-д хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж заасан. Бид өнгөрсөн 30 жилийн замналаасаа суралцаж, дараагийн шатны зам мөрөө тодорхойлох учиртай. Засгийн газар өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан гэлээ. Ирэх таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны үндэслэлтэй, олон нийтийн санал бодолд нийцүүлэн, төлөвлөлт, хэрэгжилтийн шатанд нэгдмэл, уялдаатай, үйл ажиллагаа, үнэлгээ нэг чиг, нэг зорилготой байх зарчмыг баримталжээ.

Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ШУА болон эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиудын эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэн боловсруулжээ. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийг 2020 онд баталснаар анх удаа Монгол Улсын хөгжлүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг баталсан. Өмнөх үндсэн чиглэлийн баримт бичиг дуусгавар болохоос хоёр сарын өмнө дараагийн таван жилийн үндсэн чиглэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр хуульчилсны дагуу “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан парламентад өргөн бариад буй юм.

“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн төслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан байна. Энэхүү баримт бичиг “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрдэх бөгөөд энэ хүрээнд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон.

Бодлогын дээрх найман чиглэлийн хүрээнд үндэсний 10 үр дүнг тусгаснаараа онцлог. Тухайлбал, боловсруулах салбарын боловсруулалтын түвшнийг дээшлүүлж, бүтээмж, төрөлжилтийг нэмэгдүүлснээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалах зорилтуудыг Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгасан байна.

Мөн бүс, орон нутгийн хөгжлийн ялгааг багасгаж, эдийн засгийн хувьд төрөлжүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг тэнцвэржүүлэх замаар орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлнэ. Бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгах, шударга өрсөлдөөнийг дэмжих, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, татварын болон гаалийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа юм.

Боловсрол, эрүүл мэндийн салбарт хийх шинэчлэлийн хүрээнд чанартай, хүртээмжтэй үйлчилгээг иргэн бүрд тэгш хүргэж, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний нөөцийг бэлтгэн, хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэнэ. Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлс, нийгмийн даатгалын уялдаа холбоог сайжруулж, хөдөлмөр эрхлэлтийн түвшнийг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, ажлын байран дахь осол гэмтэл, хөдөлмөрлөх эрхийн зөрчил, маргааныг бууруулах замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан.

Авлигыг бууруулж, иргэдийн шүүхэд итгэх итгэл, шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлж, батлан хамгаалах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг сайжруулж, “Цахимаар түрүүнд” зарчмыг хэрэгжүүлж, иргэн төвтэй үйлчилгээг бүрдүүлж зөв засаглалын үзүүлэлтээр эхний 90 орны нэг болохоор төсөлд холбогдох арга хэмжээнүүдийг тусгасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна