2025/12/29

Юун яасан “хот такси”, ашиг сонирхлоо тат...

info@inder.mn
4 цаг 1 минутын өмнө

Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Атал зарим эрх мэдэлтнүүд татвар төлөгчдийн мөнгийг гарын салаагаар урсгаж, баян хүний дүрд тоглож, сиймхийгээр нь мөнгө угаах ажилд гаршчихлаа шүү.

Ийн хэлэх учир нь нэг хэсэг боржур сольж, гялгар хавтангаар явган хүний зам хучих бизнесийг цэцэглүүлэн хотыг ундуй сундуй болгож иргэдийг бухимдуулаад амжсан хотын дарга Х.Нямбаатар “хотын такси”-тай болох “мэргэн” санаа гаргажээ. “Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах” хэмээх гоё нэртэй төслийн хүрээнд эхний жилд 1000, гурав дахь жилд 500, тав дахь жилд 500 буюу нийт 2000 BYD цахилгаан машин оруулж ирэх бөгөөд 77 тэрбум төгрөг зарцуулах юм байх. Үүний 20 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийслэлийн төсвөөс гаргаж, таксины 5 компанид 6 жилийн хугацаатай хүүгүй зээл олгох аж.

Хамгийн утгагүй нь төр хувийн бизнест хутгалдаж орох, хэдхэн компанид давуу эрхтэйгээр ямар ч хүүгүй зээл олгох төслийг НИТХ-ын ээлжит бус 9-р хуралдаанаар төлөөлөгчдийн 61.5 хувийн саналаар дэмжиж баталсан. Ямар гээчийн мэдлэг боловсролтой, аливаа асуудлын наадах цаадахыг тунгааж чаддаггүй нөхдүүд хотын иргэдийг төлөөлнө гээд тэнд сууж байна вэ? Төлөөлөгч гэдэг  иргэний дуу хоолой болж, эрх ашгийг хамгаалах биш дарга юу гэж шийднэ тийш ханараад сууж байдаг мануухай биш байлтай.

Тэгээд ч тэртэй тэргүй зах зээлийн зарчмаар хувийн хэвшлүүд болон иргэд такси үйлчилгээ эрхлээд явж байхад хажуугаар нь төр чихэж орж ирээд хэдхэн компанийг хүүгүй зээлээр дэмжих нь юу гээчийн ашиг сонирхлын зөрчил вэ?

Хотын дарга Х.Нямбаатар “77 тэрбумыг тусгаагүй, төр оролцохгүй зүгээр л дэмжинэ, төсвөөс ямар ч мөнгө гаргахгүй” гэж улаан цагаан зүтгэсэн ч НИТХ-аас баталсан шийдвэр нь 20 тэрбумын хүүгүй зээл гээд цагаан дээр хараар байж байна.

Хот тийм баян байгаа юм бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжээ эхлээд шийдээч ээ. Нэг ангид 50, 60-уулаа сурч байгаа хүүхдүүдийн эрүүл мэндийг бодооч. Томуугийн ид дэгдэлтийн үед эмнэлгийн коридор дүүрэн болдог асуудлыг шийд л дээ. Тэгж их мөнгө төгрөгөө багтааж ядаад байгаа бол үнэхээр зээл дэмжлэг хэрэгтэй жижиг үйлдвэрлэлүүддээ өгөөч. Юун яасан такси вэ, жамаараа голдрилоороо явж байгаа такси үйлчилгээнд заавал хот хутгалдаж орох нь ашиг сонирхол л харагдаж байна.

Тэгээд хятад машин гэж байгаа шүү. Яаж сэтгэхээрээ түгжрэлээ яая гэж байж нэмж 2000 машин зам дээр гаргана гэж шийддэг байна аа.

Хотын захиргаанаас таксины үйлчилгээнд стандартаа мөрдүүлж, хяналт тавьж, жолооч нарыг бүртгэлжүүлээд явахад л болох зүйл. Бас хэзээ ч юм баталсан 1 км нь 1500 төгрөг гэдэг тарифаа цуцлахад л болох асуудал. Гэтэл төр оролцоно, бүр “хот такси” гэж бий болгоод 4500 жолоочтой бааз байгуулах талаар ч ярьж байна.

Энэ төслийг олон нийт эсэргүүцэхээр хэн тэгж байна, тийм юм байхгүй гээд гүрийгээд гүлдийгээд байгаа Х.Нямбаатарынхаар Улаанбаатар хотод ухаангүй тэнэг 1.4 сая хүн амьдран суудаг бололтой. Иргэдээ хөгийн, тэнэгээр нь дуудаж загначихаад пээдэлзэх энэ хүн сая давсан хүн амтай метрополис хотын даргын албыг зүгээр л аж ахуйн даргын түвшинд чирээд унагачихлаа.

Одоо төр буюу хотын захиргаа массаж хийх л үлдэж байх шиг. Энэ дэмийрлээ зогсоо, иргэд шаардаж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна