2025/12/30

УЛСТӨРӨӨС ОНЦОЛЖ ТОЙМЛОХ НЬ-2025

info@inder.mn
4 цаг 7 минутын өмнө

Улиран одож буй 2025 онд Монголын улстөр онцлох үйл явдал ихтэй, басхүү урвалт шарвалт, эрх мэдлийн төлөөх тэмцэл ил цагаан өрнөсөн, шударга ёс гэхээсээ ашиг сонирхлын дуу хоолой чанга сонсогдсон жил болж өнгөрлөө.

Засгийн хувь заяа дэнжигнэж Г.Занданшатарын аз гийв

2024 оны сонгуульд намаа удирдан орж парламентад 65 суудал авсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 мега төслөө хэрэгжүүлж амжилгүй огцров. Монголын ард түмэнд 5 тэрбум долларын ашиг авчрах төслөөр Францын “Орано Майнинг”-тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын олон жил гацсан хил холболтын төмөр замын төслөө эхлүүлсэн ч “Орлогоо нотол”, “Огцрох амархан” жагсаал өрнөснөөр засгийн хувь заяа бүрхэг болсон юм.

Засгийн газрын дундаж наслалт 1.8 жил байсан сүүлийн 20 жилд 4 жил таван сарын хугацаанд тогтвортой засагласан Ерөнхий сайдаар тодорсон ч түүнийг огцруулах үйл явц нэгэнт зогсоох аргагүй байв. Хүүгийнх нь хэрээс хэтэрсэн тансаглал ч ташуур өгч, Ерөнхийлөгчийн ашиг сонирхол ч хүчтэй нөлөөлсөн.

Ерөнхий сайд огцрох үйл явц дунд аз од нь гийсэн Г.Занданшатар Засгийн тэргүүнд заларч, 2024 оны сонгуульд нутагтаа өвдөг шороодсон “шархаа нөхсөн” нь Ерөнхийлөгчийн урд, хойно гарч явсны шагнал ч гэж хэлж болохоор.

Энэ үеэс МАН доторх Ерөнхийлөгчийн нөлөө, байр суурь жин дарж эхэлсэн бөгөөд үүнийг эсэргүүцсэн залуу үеийн улстөрчид даацтай алхам хийж чадаагүй л он дуусгаж байна. Ер нь бол эрх баригч нам дотор “70”, “80” оныхны үе хоорондын тэмцэл ил, далд хэдийнэ эхэлж, улстөрийн тайзны ард хор найруулалт, дүр хуваарилалт хийгдсээр буй нь нэгэнт тодорхой болсон билээ.

Д.Амарбаясгалан улстөрөөс “явлаа”

Монголын улстөрд халалт авчирсан дараагийн үйл явдал нь МАН-ын даргын сонгууль байв. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад өрсөлдөх “бор шувуу” нисэж эхэлмэгц түүнийг чиглэсэн дайралт нүүрсний хулгай, бүр хүн амины хэргээр давс хачир нэмж, шууд буруутнаар нэрлэсэн нь асуудлыг хурц түвшинд аваачсан. Гол дүрд Б.Энхбаяр тоглож, өдөр шөнөгүй сошиалаар ч тэр хэвлэлээр ч тэр нотлогдоогүй мэдэгдлүүдээ хийсээр байлаа.

Хариуд нь Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдэж, сунгаанд ч Бага хурлын гишүүдийн олонхийн саналыг авав. Мэдээж Г.Занданшатар зөвшөөрөөгүй тул хагарал улам гүнзгийрсэн. Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдыг огцруулж оронд нь Б.Энхбаярыг томилохоор шийдвэрлэж нэг үгээр Д.Амарбаясгалангийн эсрэг ноцох хасар басараа гаргасан. Тэр ч үүргээ “сайн” гүйцэтгэж, УИХ-ын дарга огцроод зогсохгүй намын даргын сонгуулиас нэрээ татаж буйгаа зарласан юм. Гэхдээ МАН-ын залуу үе гэлтгүй улстөрийн хүрээнд Д.Амарбаясгалан эргэн ирэлт хийнэ гэсэн хүлээлт байгааг үгүйсгэхгүй.

 

 

Х.Булгантуяаг түлхсэний шагнал УИХ-ын дэд даргын суудал

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тухай УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын саналыг УИХ-ын чуулганаар 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хэлэлцэж, олонхийн саналаар огцруулах 95 дугаар тогтоол гаргасан.

Үндсэн хуулийн 43.1-т заасныг үндэслэн Ерөнхий сайдыг огцруулсан гэсэн үг. Тухайн өдрийн чуулганыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа даргалж, хуулийн хүрээнд шийдвэрлэсэн боловч Ерөнхийлөгч хориг тавьж, улмаар Цэц их суудлын хуралдаанаараа уг тогтоолыг “Үндсэн хууль зөрчсөн” хэмээн дүгнэлт гаргасан билээ. Ерөнхийлөгч ч, Цэц нь маш шуурхай “ажиллаж”, Цэц бүр их суудлыг хуралдаанаа хуралдуулсан нь ямар чухал ямар ашиг сонирхолтой асуудал гэдгийг харуулах мэт.

За тэгээд парламент хэлэлцэж шийдвэрлэнэ гэж Үндсэн хуульд тов тодорхой заасан тул  УИХ хэлэлцэх нь зүй. Гэтэл Цэц болон Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжээгүй гишүүд өөр өнцгөөр тайлбарлаж, угтаа хуульд буй цоорхойг ашигласан гэхэд болно. Ямартаа л УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Парламент заавал хуралддаг байх ёстой. Гэтэл гүйцэтгэх эрх мэдлийн барьцаанд ороод хуралдахгүй байгаа бол энэ өөрөө Үндсэн хуулийн зөрчил. Парламентыг хуралдуулахгүй гэж байгаа гүйцэтгэх эрх мэдэл байвал энэ Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг” гэсэн. Мөн УИХ-ын дарга асан Р.Гончигдорж энэхүү үйл явцыг бүхэлд нь хуулийн зүйл заалтаар тайлбарлаж, “Хурал даргалагч Үндсэн хуулийн 43.1-ийг зөрчөөгүй, тогтоол Үндсэн хууль зөрчиж батлагдаагүй” хэмээсэн билээ.

Үндсэндээ өнөөдөр энэ асуудал хэн нэг буруутныг олж тодруулахаар өрнөж буй ч УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг хэлмэгдүүлсэн гэдгийг улстөрчид ч, хуульчид ч, олон нийт ч хэлж ярьсаар, сануулсаар байна. Хоржоонтой нь анхнаасаа хамт гэж явсан Ж.Бат-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир нар Х.Булгантуяаг түлхээд өөрсдөө цэвэр үлдэж, албан тушаалаар шагнуулж, үнэн нүүр царайгаа харуулсан.

Н.Учралын улстөр урвалт уу, ухаан уу

2025 оны улстөрд тодорч гарсан ирсэн улстөрч бол яах аргагүй Н.Учрал. Өмнөх Ерөнхий сайдын гал тогоог сахиж байсан түүний хувьд Д.Амарбаясгалантай ч зөрчилдөх шалтгаан байхгүй. Мэдээж Ерөнхийлөгчийн нөмөр нөөлгөөр улстөрд орж өдий зэрэгтэй яваагийнх ач хариулах биз. Юутай ч МАН-ын хамгийн залуу даргаар сонгогдож, цаашлаад УИХ-ыг даргалах болов. Дүрмээрээ Ерөнхий сайдыг албыг авах ёстой ч Г.Занданшатартай дөрөө харшуулна гэдгээ мэдэгдэж, ах нарын ивээлд орж амжсан.

Юутай ч түүний өмнө улстөрд урт зам бий. Гагцхүү энэ замыг урваж шарвах уу, ухаан зарж туулах уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

Улстөрөөс “ангид” улстөрийн намууд…

Монголын улстөрд өрнөсөн томоохон үйл явдлуудаас цөөхнийг тоймлов. АН, ХҮН, Үндэсний эвсэл, Ногоон намын тухайд улстөрөөс бараг л ангид оршиж, нам гүмхэн жилийг өнгөрүүллээ гэхэд хэтрүүлсэн болохгүй. Наймдугаар сард АН-ынхан Их хурлаа хуралдуулж намын даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон. Өнгөрөгч сард Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, хэрүүл зодоонтой ч гэсэн намын үндсэн дүрмээ баталсан бөгөөд Женкогоос салах тодорхой заалтуудыг оруулж чадсан хэмээн нэр бүхий гишүүд нь мэдэгдсэн билээ.

ХҮН намын хувьд гишүүд нь гарч орно гэх бужигнаантай. Тухайлбал, тус намаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон Ж.Золжаргал гишүүнчлэлээсээ татгалзсан. Зарим дүүргийн Намын хорооны дарга нар нь ч адилхан мэдэгдэл хийж буй.

Монголын улстөр 2025 оны үйл явдал, ширүүхэн зодоон, тэмцлээ ирэх онд ч чирээд орох нь тодорхой. Халуухан улстөр хавраас эхэлж Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл үргэлжилнэ. Гагцхүү эрх мэдэл, албан тушаалын зодоонд энгийн иргэд хохироод үлддэгийг эрхбиш тунгаана биз ээ, улстөрчид. Иргэд ч улам хэрсүүжих жил гэдгийг мартаж болохгүй юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна