Өнөөдөр Монголд хэн мөнгөтэй амьдарч байна вэ гэвэл төлбөртэй жагсагчид, шантаажчин лайвчид л гэхээр хэмжээнд оччихжээ.
Өөрийн гэсэн үзэл бодолгүй, үнэт зүйлгүй зөвхөн мөнгө өгсөн нэгэнд үйлчилдэг, эсвэл ашиг хонжоо хайж шантааж хийх зорилгоор дуртай газраа очиж орилж хашгирч лайвддаг нөхдүүд хэрээс хэтэрчээ. Тэдний амьдралаа залгуулдаг арга нь цахим орчинд бусдыг гутаах, харлуулах бөгөөд олны хандалт авахын тулд айх ичих мэдрэмжээ гээж хамгийн муухай нь хүн чанарын хэлтэрхий ч үгүй үйлдэл гаргадаг.
Хамгийн сүүлийн жишээ гэхэд л, он солигдохын өмнөхөн “лайвчин” гэх Д.Мөнх-Эрдэнэ хүний биед санаатайгаар халдаж, хэл амаар доромжилж элдэвлэсэн. Гэтэл түүнд заамдуулж доромжлуулсан иргэн Монголд уул уурхайн салбар үүсч хөгжсөний 103 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцож шагналаа аваад явж байсан инженер болж таарсан. Геологич мэргэжилтэй, салбартаа 30 гаруй жил, үүнээс Эрдэнэт үйлдвэрт 24 жил ажиллаж буй Монгол Улсын Зөвлөх инженер М.Дамдинсүрэн хүнд хагалгаанд орсон, архи дарс уудаггүй. Түүний уул уурхайн чиглэлээр хийж бүтээсэн гавьяа асар их, салбарынхан нь үнэлж хүндэлдэг эрхэм. Атал гудамжинд орилдог захын нэг лайвчинд элдвээр доромжлуулснаас болж өөрөө төдийгүй гэр бүл, үр хүүхэд нь эрүүл мэнд, сэтгэл санааны хямралд орсон тухай ойр дотны нэгнийх нь пост олны дургүйцлийг хүргэсэн билээ.
Хариуд нь мөнөөх лайвчин юу гэсэн гээч. “Ах над руу дайраад заамдаад байсан л даа. Гэхдээ жирийн инженер хүн байсан байна лээ уучлаарай” гэж уучлал гуйх нэрийдлээр дахиад л нэр төрд нь халдаж гүтгэв. Жирийн ч бай жирийн биш ч бай хэнийг ч энэ мэт лайвчин нэртэй шантаажчин доромжлох эрхгүй л дээ.
За тэгээд, төрийн байгууллага руу дураараа дайрч орно, тэнд ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг муу муухайгаар хэлнэ, бүр эмэгтэйчүүдийг нь өмссөн зүүснээр нь, бие галбираар нь доромжилж, даргын хүүхэн үү, богино банзалтай гэх мэтээр бэлгийн дарамт ч үзүүлнэ.
Эмгэнэлтэй бас инээдэмтэй нь бүхэл бүтэн улсын Сангийн сайд нь гудамжны лайвчныг өрөөндөө урьж оруулаад хамаг ажлаа тайлагнаж байгаа юм.
Яагаад хэн ч биш нэг орилоо лайвчинаас энгийн иргэнээс эхлээд төрийн албан хаагчид, төрийн сайд нь хүртэл айж, аясаар нь байх ёстой гэж.
МУИС-ийн Хууль зүйн сургуульд хуульч мэргэжил эзэмшихээр сурч байгаа гэх энэ хүний энэ мэт үйлдлийг таслан зогсоохгүй юм уу, Хууль зүйн сайд аа. Монгол хуультай, төртэй улс. Даварсан лайвчдад даруулга хэрэгтэй. Төрийн төмөр нүүр, хуулийн хариуцлага гэдгийг харуулах ёстой. Тэгж байж бусад төлбөртэй лайвчид, ашиг хонжооны төлөө алгын чинээ нүүрээ худалдаж идэж байгаа заримдгуудад сургамж болно.
Олон нийт ч ёс зүйгүй үйлдэл гаргаж, цаашлаад гэмт хэрэг үйлдэж байгаагаа түгээж буй нэгнийг магтан хөөргөхөө больцгооё.
Өнөөдөр хэн нэгнийг доромжилж байгаа лайвчин маргааш чамайг, чиний ойр дотныхныг өөрийн өчүүхэн ашиг хонжооны төлөө зольж чадна. Тиймээс лайвчин нэртнүүдийн үйлдлийг бусдад түгээж, хандалтыг нь нэмж, дагаж ханарахаа яг одооноос зогсооё.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна