2026/01/15

Оноогоор иргэдээ хянах санаархалд цэг тавья

info@inder.mn
3 цаг 42 минутын өмнө

Нийслэлийн дарга нараас эрүүл ухаантай хүн байна уу гэж асуумаар огцом огцом, ойлгомжгүй, гэнэтийн тэнэг шийдвэрүүд гарах боллоо шүү.
Сонгодог жишээ нь, автобусаар зорчиж, явган алхаж, дугуй унасан иргэнд оноо өгдөг журам хэрэгжүүлэх “хэтэрхий мэргэн жараахайн хэтэрхий мэргэн” санаа. Улаанбаатар хөгжлийн корпорацийн захирал Ж.Сандагсүрэнгийн хэлснээр бүр нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцчихсэн гэж байгаа. Одоо НИТХ-аар хэлэлцүүлж батлах юм байх аа. Оноожуулбал өөрсдөө 1 оноо ч авч чадахгүй эрх мэдэлтнүүд чухам ямар санаа зорилгоор ийм шийдвэр гаргах болов?
Дугуйн зам хангалтгүй, явган алхах боломж тун хэцүүхэн, өвөл нь гантиг хавтан дээр халтирч гэмтэх, амь насаа алдах, зун нь шороо тоос бужигнасан, ухаж сэндийчсэн нүхэнд унаад бас л эрсдэж мэдэх орчинд ийм шийдвэр гаргана гэдэг дарга нарын мулгуу ухааных уу. Эсвэл иргэдээ тэнэг мангар гэж бодсоных уу.
Эхлээд явган алхах, дугуй унах орчин нөхцөлийг бүрдүүлчихээд дараа нь энэ мэт эргүү тэнэг гэхэд багадах элдэв санаагаа гаргаж байвал эрхбиш хотын иргэд чинь нэгийг бодож хоёрыг тунгаах байсан биз. 

Ер нь ч тэгээд, нийслэлийн удирдлагууд хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй. Өнөөдөр Улаанбаатарын иргэд өвөл нь утаа угаар, дулааны улиралд тоосжилт, хөрс, усны бохирдол гэх шүдний өвчнөөр олон жил “шаналж”, сүүлийн үед хотын даргын бродюр, гантиг хавтангийн “бизнес”-ийн золиос болж буй. Өнгөрсөн онд гэхэд л, халтиргаа, гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтлийн улмаас 5365 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ. Тодруулбал, унаж бэртсэн иргэдийн 88 хувь нь нийслэлд бүртгэгдсэн байгааг дуулгая.
Гэтэл энэ бүхэн багадаад одоо оноо гээч хяналтаар дарамтлуулж, хэрэв үг сөрвөл, шүүмжилвэл “хар жагсаалт”-д орж, төрийн наад захын үйлчилгээ ч авч чадахгүйд хүрэх бүрхэг ирээдүйн өмнө ирчихлээ.

 
Ийн хэлэх учир нь, урд хөршид иргэддээ онооны системээр дүгнэдэг, тогтолцоог эсэргүүцэх, үгэнд нь орохгүй бол хар жагсаалтад оруулж, онгоц, хурдны галт тэргээр зорчихоос эхлээд их, дээд сургуульд сурах, төрийн үйлчилгээ авахад хүртэл нөлөөлдөг, улмаар оноогоо хасуулсан хүмүүс гудамжинд гарч байгаа талаарх мэдээлэл хаа сайгүй. Ер нь иргэдээ оноожуулдаг улс Хятад. Хязгаартай хүрээнд оноожуулдаг нь Орос. Өөр ийм хяналтад иргэдээ байлгадаг улс орон байхгүй.

Харамсалтай нь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан гэж цээжээ дэлдэх дуртай Монголд өнөөдөр иргэдийнхээ эрхийг хязгаарлах, байнгын хяналтад байлгах дарангуйллыг мөрөөдөж сууна, даргын суудалд мөнхрөх хүсэлтэй заримдагууд нь.
Иргэдэд оноо өгөхийн тулд нүүр таних системийг урд хөршөөс нэвтрүүлэх тухай мэдээ ч хөвөрдөж байна. Угаасаа хэзээ хэн автобусаар зорчиж, дугуй унаж, явган алхаж байгааг өөрөөр мэдэх аргагүй. Ийм л аргаар хүн бүрийг хатуу хяналтад оруулах дарга нарыг санаархалд цэг тавьцгаая. Өөрийнхөө ч, үр хүүхдийнхээ ч, өрөөл бусдын ч төлөө тэр нийлж, нэгдэж үгээ хэлж эсэргүүцье.
Улаанбаатарт амьдарч буй иргэн бүрт хандаж байна...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна