2026/01/16

Иргэдээ хүн гэж боддоггүй Х.Нямбаатарт хариуцлага тооцно уу, Ерөнхий сайд аа

info@inder.mn
3 цаг 31 минутын өмнө

Улаанбаатар хотын даргын суудал ганхаж, Х.Нямбаатарын хувьд “мэнгэ голлосон” өдрүүд үргэлжилсээр.

Дугуйн замгүй, явган алхах боломжгүй, нийтийн тээвэр нь хүрэлцээгүй байж иргэдээ оноогоор дүгнэж урамшуулдаг болно гэсэн ухвар мөчид шийдвэрийг улаанбаатарчууд эсэргүүцсэн хэвээр. Гэтэл дайран дээр давс гэгчээр хотын даргын хоёрдугаар орлогч А.Амартүвшин “Хүн өдөрт 10,000 алхах ёстой ч Улаанбаатарын иргэд 1500-2000 алхалт л хийж байна” гэсэн нь дахин иргэдийн дургүйцэл бухимдлыг төрүүллээ. Үнэхээр алхах орчин бүрдсэн бол иргэд эрүүл мэндээ бодсон ч тэр, эдийн засгаа хэмнэсэн ч тэр алхаад л явчихна. Үүнийгээ хотын орлогч гэх нөхрөөр заалгана ч гэж юу байхав.

Харамсалтай нь өнөөдөр Улаанбаатар хотод жилийн дөрвөн улиралд аюул осолгүй, эрүүл таатай орчинд алхах зам, тэр бүү хэл дасгал хийх, болзоод суух газар ч алга. Хаана халтирч унах бол, хаанаас скүүтэр, дугуй ирээд мөргөчих бол гэсэн айдас хүйдэс алхаж яваа хүн бүрт бий. Гэмтэж бэртээд эрүүл мэндээрээ хохирсон хүний тоо ч олон. Хаашаа л харна, явган хүн, дугуй, скүүтэр нь холилдсон, эмх замбараагүй орчин. Атал алхаад оноо ав, төд алх гэж заагаад сууж байдаг хотын дарга нар одоо ажлаа өгч зайгаа тавина уу даа.

Сая гаруй хүн амтай хотын даргыг өлхөн хийчих чадалтай, мэдлэг туршлагатай, сэтгэлтэй хүмүүс зөндөө бий.

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг огцруулах тухай яриа ганц өнөөдөр ч гараад байгаа сэдэв биш. Зунжин ундуй сундуй хот, тоос шороон дунд амьдарсан оршин суугчдын бухимдал энэ хотыг мэддэг чаддаг хүн нь удирдаасай, иргэд нь сонгодог байя гэсэн хандлага руу хүссэн хүсээгүй хөтөлсөн.

Нэмээд ташуур өгсөн өчнөөн шийдвэрүүд ч байна. Байсгээд л тэгш, сондгой хязгаарлана, 2025 оынд тээврийн хэрэгслийн татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлсэн. Хотын татварыг ч 2 хувь болгож, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг шагийн бизнес болох нөхцөлийг бүрдүүлсэн, 77 тэрбумын өртөгтэй “Хот такси” буюу такси бааз байгуулж урд хөршөөс 2000 цахилгаан машин авах, нэр бүхий 5 компанид 20 тэрбум төгрөгийн хүүгүй зээл олгохоор шийдвэрлэсэн. Нэрмээд AI системээр иргэдийнхээ халаасыг тэмтэрч эхэллээ. Ийнхүү хүний наад захын эрхийг хясан боогдуулсан элдэв шийдвэр нь иргэдийн бухимдлыг дээд цэгт нь хүргэснээр хотын даргын суудал ганхаж эхэлсэн.

Үүнийг нам доторх зодоонтой холбох нь огт утгагүй юм.

Зүгээр дурдаад орхиж болохгүй өөр нэг асуудал бол хотын төсвийн зарцуулалт. Х.Нямбаатарыг Засаг дарга болсноос хойш Улаанбаатар хотын төсөв 5 жилд хоёр дахин өсчээ. Энэ жилийн төсөв л гэхэд 4.6 их наяд. Ийм их хэмжээний мөнгөөр чухам юу хийж, юунд зарцуулж байгаа талаарх хяналт байтугай мэдээлэл ч алга.

Мөнөөх Дубайн “алдарт аялагчид” бүгд ажлаа өгч байхад санхүүжүүлсэн, зохион байгуулсан хотын дарга таг дуугүй өнгөрч, уснаас хуурай гарах нь ч бас зохисгүй.

Дээр нь Английн “Фулхэм” багтай гэрээ байгуулж 1.1 сая ам.доллар буюу 4.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс шилжүүлсэн асуудлыг зүгээр орхиж таарахгүй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг хүрэлцээгүй гэдгээс эхлээд түмэн бэрхшээл байхад хаа байсан нэг хөлбөмбөгийн багт 4 тэрбум төгрөг өгчихөөд “Засгийн газрын шийдвэртэй” гээд өөрийгөө өмөөрч байгаа энэ хүнд Улаанбаатарчууд итгэхгүй.

Хариуцлага нэхнэ, Монгол Улс хуультай, төртэй юм бол Засгийн тэргүүн Г.Занданшатар та арга хэмжээ авахыг хатуу шаардаж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна