2024/04/30

Японы “Өвсний үндэс” төслийн хүрээнд Увсын сурагчдын дотуур байрыг засварлана

info@inder.mn
2022/03/11

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэд нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав. Уг гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл оролцов.  



“Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгын засварын төсөл”-ийн хүрээнд Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгын иж бүрэн засварын ажил хийгдэх юм.

Тус сургуулийн дотуур байр болон гал тогооны барилгын дээврээс ус алдаж, дотор гадна хананы шавар болон эмульс халцарч, дулаан алдагддаг байсан. Үүний улмаас дотуур байранд амьдардаг 194 сурагч болон 10 багш ажилчдын аюулгүй байдал, эрүүл ахуйд хүндрэл учруулж байсан бөгөөд засвар хийгдсэнээр тус сургуулийн сурагчид эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих боломжтой болох юм. 

Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өдийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 575 дахь төсөл болж, Увс аймагт хэрэгжих 29 дэх төсөл болж байгаа юм. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 706 сая 206 мянга 574 төгрөг юм.  



Япон Улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон хөдөө орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм.

Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд гадаад улсад суугаа Япон Улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Эх сурвалж: Япон Улсын ЭСЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна