2024/05/02

ОХУ цэргийн насны эрчүүдийг хилээр гарахыг хориглох гэж байгаа тухай мэдээлжээ

info@inder.mn
2022/09/26

ОХУ-ын засгийн газар цэргийн насны эрчүүдийг тус улсаас явахыг зогсоох хилийн хориг тавих гэж байгаа тухай Латвийн нийслэл Ригад үйл ажиллагаагаа явуулдаг Оросын хараат бус мэдээллийн сайт Медуза мэдээлжээ.

Медуза энэ мэдээллээ Кремлийн хоёр эх сурвалжаар баталгаажуулсан байна.

Нэг эх сурвалжийн мэдээлснээр хориг есдүгээр сарын 28-наас үйлчилж эхлэх гэнэ. Харин хоёр дахь эх сурвалж Украины эзлэгдсэн газар нутагт явуулж буй бүх нийтийн санал хураалт дууссаны дараа хилийн хориг хэрэгжиж эхлэх тухай мэдээлжээ.

Украины эзлэгдсэн дөрвөн мужид явагдаж байгаа санал хураалт есдүгээр сарын 27-ны орой өндөрлөх юм.

ОХУ-ын хуулиар тус улсын 18-27 насны эрэгтэйчүүд нэг жилийн хугацаатай цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Харин өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт эхэлсэн цэргийн хэсэгчилсэн дайчилгаанд өмнө нь алба хааж байсан бэлтгэл хүчийг хамруулж байгаа.

Зөвхөн өөрийн харьяалагддаг цэрэг татлагын комиссоос тусгай зөвшөөрөл авсан цөөн тооны эрчүүд хилээр нэвтрэх эрхтэй байх тухай Медуза мэдээлжээ.

Цэргийн дайчилгаа эхэлснээс хойш ОХУ-аас гарах иргэдийн урсгал эрс нэмэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор ОХУ-тай хил залгадаг Европын Холбооны гишүүн таван улсын дөрөв нь жуулчны визтэй оросуудыг хилээрээ нэвтрүүлэхгүй болоод байгаа.

Орос даяар цэргийн дайчилгааг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл үргэлжилж байна. Зөвхөн Бямба гарагт Оросын 34 хотод 820 хүнийг баривчилсан тухай OVD-Info хүний эрхийн байгууллага мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна