2024/05/07

Европын холбооны гишүүн 27 улс дүрвэгчидтэй холбоотой онц байдлын үеийн журмаар зөвшилцөлд хүрчээ

info@inder.mn
21 цаг 43 минутын өмнө

Брюссельд Европын Холбооны орнуудын суурин төлөөлөгчид чуулж, дүрвэгчидтэй холбоотой онцгой нөхцөл үүссэн үед авах арга хэмжээг журамлахаар тохирсон байна. Европ руу чиглэсэн цагаач дүрвэгчдийн урсгал сүүлийн үед огцом үлэмж хэмжээгээр ихсэх үед Европын хэмжээнд авах арга хэмжээг шинэчилсэн зохицуулалттай болгоход энэ зөвшилцөл гол түлхэц үзүүлнэ. Асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр өнөөдөр Европын орнуудын удирдагчид Испанийн Гранада хотод чуулах юм. Итали, Грек зэрэг Европын өмнөд эргийн дагуу байрлалтай үүнээсээ болоод Европын бусад улсыг зорьсон цагаач дүрвэгчдийн хөлд хамгийн их дайрагддаг улсуудад учирч байгаа ачаалал дарамтыг бууруулахад энэ хэлэлцээр бас чиглэж байгаа. ЕХ-г одоо даргалж байгаа Испани улсын ДХЯ-ны сайд Фернанда Гранде-Марласка энэ тухайд “ЕХ-ны ирээдүйд нэн чухал асуудлаар бид асар том урагшлах алхам хийж чадлаа” гэж мэдэгджээ. Үүний дүнд энэ ондоо багтааж Цагаач дүрвэгчдийн асуудлаарх Шинэ факт бичиг батлах боломж ЕХ-нд бүрдэж байгаа гэдгийг тэр мөн дурдсан байна. Энэ талаарх өмнөх факт бичиг нь Европт нэг сая цагаач дүрвэгчид хууль бусаар буусны дараагаас хүчингүй болж нуран унасан юм. Сая ЕХ-ны гишүүн 27 улс нэгдсэн зөвшилцөлд хүрсэн хэлцлийг эцэслэн баталснаар орогнол хүссэн цагаач дүрвэгчдийг хүлээж авахаас татгалзаж байгаа улсууд тэднийг хүлээж авсан орнуудад мөнгө төлдөг болно. Мөн Европын Холбооны орнууд олон улсаас өмгөөлөл хамгаалал хүсэгчдийн өргөдлийг шалгах явцдаа тэднийг хил дээрээ урт хугацаатай саатуулахыг зөвшөөрөх зэрэг нэлээд хатуу нөхцөлүүд тавина.

Мөн татгалзсан хариу авсан цагаачдыг нутаг буцаатал нь  дээд тал нь 12 долоо хоног саатуулдаг хугацааг хэтэрч болохоор журамлаж байна. Мөн зэвсэгт мөргөлдөөнд автсан зэрэг онц аюултай газар орноос дүрвэж байгаа хүмүүсийн орогнох хүсэлтийг яаралтай журмаар шийдэхээр мөн тусгажээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд Төлөөлөгчийн газрын мэдээгээр, энэ он гарсаар Газар дундын тэнгисээр дамжиж Европ руу 186 мянган дүрвэгч хил нэвтэрсэн байна. 

Ерөнхийдөө дүрвэгчдийн асуудлаарх нэгдсэн хэлэлцээр батлах хугацаа Европын Холбоонд маш хавчигдмал болж байгаа. Учир нь ирэх оны 6-р сард ЕХ-ны сонгууль  болно. Түүнээс наана дээрх журам зохицуулалтыг хүчин төгөлдөр болгож батлуулахын тулд ЕХ-ны гишүүн бүх улс Европын парламент хооронд уг баримт бичгийн бүх 10 хэсэг тус бүрээр нь хэлэлцээр байгуулах ёстой байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна