2024/04/30

ХӨСҮТ-ийн эмч нар Ж.Байгалмааг солихыг шаардаж, ноцтой баримт дэлгэлээ

info@inder.mn
2024/04/12

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Байгалмааг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тушаал гарган тус төвийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэгчээр томилжээ.

Гэвч, уг хоёр албан тушаалыг хууль зөрчин хавсран гүйцэтгэх хугацаандаа Ж.Байгалмаа нь мэргэжлийн удирдлагаар хангаж чадаагүйн улмаас ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа бүрэн доголдож, эмнэлгийн тусламж үйлчилгээ, тандалт сэргийлэлт, вакцинжуулалт, халдварт өвчний бодлого алдагдсан аж. Улмаар, 7-36 насны гурван ч иргэн дотоод зохион байгуулалт, чадамжгүй хариуцлагагүй мэргэжлийн бус байдлын улмаас амь насаараа хохирсон ноцтой хэрэг гарсан тул ХӨСҮТ-ийн хэсэг эмч, ажилтнууд С.Чинзориг сайдад шаардлага хүргүүлж, Ж.Байгалмааг сольж мэргэжлийн удирдлагаар хангахыг шаарджээ. 

Шаардлагад:

"ХӨСҮТ-ийн удирдлагад хариуцлага тооцох уу С.Чинзориг сайд аа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг та жилийн өмнө тус төвийн дэд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Ж.Байгалмааг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын үүргийг хавсран гүйцэтгэх тушаал гаргаж томилсон. Тухайн үед эмч ажилчдад мэргэжлийн хүнийг томилно гэж хэлсэн ч, түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө.  

Та Ерөнхий захирал болон Дэд захирлын албан тушаалыг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмааг сольж, энэ төвийг мэргэжлийн удирдлагаар хангах болоогүй юу?

ЭМЯ-ны Төрийн албаны салбар зөвлөлөөс Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтыг 2024 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр зарласан ч тус сонгон шалгаруулалтад  бүртгүүлсэн мэргэжлийн эмч нарын анкетийг цуцалж, зөвхөн горилогч Ж.Байгалмаад нийцсэн шалгуур тавьж хүсэлтийг баталгаажуулсан нь бусдын эрх тэгш сонгогдох  эрхийг боомилж байгаа хэрэг бус уу.

Ийнхүү Ж.Байгалмааг илт дэмжих шалтгаан чинь юу вэ, С.Чинзориг сайд аа.  ХӨСҮТ олон төсөл хөтөлбөртэй. Магадгүй сургалт хийж захиран зарцуулах нь Ж.Байгалмаад ашигтай байдаг бололтой.

Ж.Байгалмааг ЗГХЭГ-ын 2023 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот тушаалыг хэрэгжүүлэх “Шүүр ажиллагаа”-ны хүрээнд ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн Дэд захирлын албан тушаалаас нь чөлөөлөх байтал одоо болтол ажлаа үргэжлүүлж байгаа төдийгүй Ерөнхий захирлын үүргийг хууль тогтоол зөрчин давхар хавсран гүйцэтгэсээр байна.

Ж.Байгалмааг уг хоёр албан тушаалыг хавсран гүйцэтгэх хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ, тандалт сэргийлэлт, вакцинжуулалт, халдварт өвчний  бодлого бүрэн алдагдаж, сүрьеэ, бэлгийн замын халдвар улсын хэмжээнд нэмэгдэж, ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа бүрэн алдагдлаа.   Нийслэл, дүүрэг, аймаг орон нутагт ч мэргэжлийн удирдлагаар хангаж чадсангүй. Үүний цаана хүний эрүүл мэнд хохирч байгаад туйлын их харамсаж байна.

Тус төвд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн мөнгөнөөс эмч нараар гарын үсэг зуруулан сайд дарга нарт өгнө гэж авсан тохиолдол ч бий. Хэдэн тэрбумаар эм, оношлуур авч, хугацааг нь дуусган дур мэдэн ажлын бус өдөр устгах нь энгийн үзэгдэл болсон. Чадваргүй удирдлагаас болж эмнэлгийн зохион байгуулалт бүрэн алдагдлаа.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд ХӨСҮТ-ийн хашааны зэрлэгийг өөрийн эсвэл хэн нэг даргын танилд 20 сая төгрөг өгч зулгаалгуулсан. Өмнө нь хэзээ ч хашааны зэрлэгээ мөнгөөр зулгаалгуулж байсан тохиолдол манай эмнэлэгт гарч байгаагүй. Үүнээс гадна, 

Нэгд: Үзэгний толгой залгисан долоон настай иргэн ХӨСҮТ-д 11 хоног оношлогдоогүй амь нас нь эрсдэлд орсон.

Хоёрдугаарт: Өвөрхангай аймгийн харьяат 13 настай иргэн 2024 оны хоёрдугаар сарын 13-14-нд шилжих шөнө цус алдаж нас барсан. Тухайн үед эмч нь согтуу олдоогүй. Гэтэл Ж.Байгалмаа болон эмнэлгийн тусламжийн орлогч, уламжлалтын эмч Э.Одмаа нар хариуцлагаас зайлсхийсэн.

Гуравдугаарт: 36 настай эх гепатит, сүрьеэгээ ялгаж оношилж чадаагүйн улмаас эндсэн. Өвчний түүх нь мэдлэг, мэргэжил, эмчийн ёс зүй, чанарын хяналт туйлын хангалтгүйг гэрчилнэ.

ХӨСҮТ-ийг  мэргэжлийн бус, туршлага чадамжгүй хүн удирдах ёсгүй. Гэтэл мэргэжлийн бус, эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ямар ч мэдлэггүй, түүнийгээ өөрөө ч хэлдэг Ж.Байгалмааг ажиллуулсаар байх нь хэр зохимжтой вэ. Сайд дарга нартай ажилладаг, ХӨСҮТ-ийн үндсэн ажлуудыг мартсан түүнийг ойрын хугацаанд солихгүй бол өөр материалуудыг дэлгэх болно. ХӨСҮТ-ийн хэсэг эмч,ажилчид" хэмээжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна