2024/05/01

Монгол улсын хилээр хориглосон бараа бүтээгдэхүүнийг оруулах эсвэл гаргах зөрчил буурахгүй байна

info@inder.mn
2024/04/12

 Улсын хилээр гаргахыг хориглосон хязгаарласан бараа бүтээгдэхүүний жагсаалтад зарим нэг өөрчлөлтийг цаг алдалгүй хийх шаардлагатай болжээ. Тухайлбал өлөн гэдэс тэргүүтэй малын гаралтай бүтээгдэхүүнүүдийг хилээр чөлөөтэй нэвтрүүлэх нь чухал байна. Тэртээ тэргүй энд хог болон хаягддаг энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлдэг болчихвол малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэх юм. Энэ жилийн хувьд сүүлийн хорь гаруй жил тохиолдоогүй зуд болж, арав гаруй сая толгой мал хорогдоод байна. Хорогдсон малын сэг зэмийг устгах зардлыг аймаг сумын төсөвт дарамт учруулах хэмжээнд хүрчээ.

  Мал махны худалдаа хийгддэг эмээлт орчимд малын гаралтай зарим бүтээгдэхүүн тэр дундаа өлөн гэдэс толгой шийр нь хог болон хаягддаг. Шалтгаан нь тун энгийн. Нэгд боловсруулах үйлдвэр байхгүй. Хоёрт байлаа ч хил давуулах боломжгүй байдаг. Үүний нэг нотолгоо нь хил дээр их хэмжээгээр хураагдсан адууны өлөн гэдсийг та харж байна. Өнгөрөгч гуравдугаар сард замын-үүд дэх гаалийн газрын байцаагчид бүгд найрамдах хятад ард улс руу гарах тээврийн хэрэгсэлд ачигдсан 40 тоннын чингэлгээс 253 шуудай 5124 кг адууны өлөн гэдсийг илрүүлжээ. Одоо энд хураагдсан өлөн гэдсийг газарт булах эсвэл шатааж устгалд оруулах нь чамгүй хэмжээний зардал гарна. Уг нь бол адууны боловсруулсан өлөн гэдсийг хилээр гаргалаа гээд монгол усад ямар нэг гарз хохирол учруулахгүй. Харин ч хил давуулдаг болчихвол байгаль дээр хог болон хаягддаг өлөн гэдсийг үйлдвэр эрхлэгчид малчдаас худалдан авч экспорт хийх нь эдийн засгийн хувьд чухал холбогдолтой юм. Ер нь бол малын гаралтай бүтээгдэхүүн бол нөхөгддөг баялаг учир бид эдийн засгийн эргэлтэд оруулж экспортлож байх нь малчдын орлого төдийгүй валютын орох урсгалд эерэг нөлөө үзүүлэх юм. 

 Улсын хилээр оруулж ирэх зарим бараа бүтээгдэхүүний хууль журамд ч бас өөрчлөлт оруулах шаардлагатай болжээ.. Үүний нэг жишээ нь таримал модны суулгац болон бутлаг ургамал юм. Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлсүх тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг өрнүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гэвч дотоодын мод үржүүлэгийн албаны тогтолцоо сул, мод тарих хэрэгцээг хангаж чадахгүй хэвээр байна. Гэтэл өнөөдрийг хүртэл хилээр таримал модны суулгац болон бутлаг ургамал оруулж ирэхийг хориглосон хэвээр байгаа юм. Манайхны дунд хятадаас мод импортоор авах нь ойн хортон шавьж давхар импортлоно гэсэн болгоомжлол олон жилийн турш амнаас ам дамжин яригдсаар ирсэн. Гэтэл хорин жилийн өмнө замын-үүд шиг улаанаараа эргэж байсан Эрээн өнөөдөр ногоон хот болсныг нийтээрээ бид харж байна. Хавар зуны улиралд хүний гараар бүтээгдсэн ой бүхий чийглэг уур амьсгалыг дагаж хур бороо нь хүртэл Эрээн хотод ордог бол замын-үүдэд жиийн жилд ган гачиг тохиолдож байгааг замын-үүдийн иргэд аргаа баран хэлж байна. Манай улсын хувьд газар зүйн онцлог уур амьсгалын онцлогоос шалтгаалж хангай, говь, хээр гэсэн бүсүүдэд хуваагддаг.  Тэгвэл говийн бүс нутгийг ойжуулж ногооруулая гэвэл  Энэ мэт батлагдаж нотлогдоогүй амнаас ам дамжсан ярианаас үүдэж бид улсаа бүү хэл ганц замын-үүд сумаа ч ногооруулж чадаагүй л байна. Хэрэв мод бутлаг ургамлыг импортлодог болчихвол ядаж улаанаараа эргэдэг хил залгаа ганц сумаа ногооруулах боломж бүрдэх юм.      

  Монгол улсын хилээр хориглосон бараа бүтээгдэхүүнийг оруулах эсвэл гаргах зөрчил буурахгүй байна. Зарим иргэдийн хувьд санамсар болгоомжгүй байдлаасаа үүдэж хэрэг зөрчилд холбогддог бол зарим нь санаатайгаар зөрчил гаргадаг байх юм. Иймд иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараахи мэдээллийг хүргэе.

 Төрийн дээд одон медалийг хууль бусаар үйлдвэрлэхийг хориглодог. Гэтэл энэ төрлийн зөрчил байсхийгээд л бүртгэгдэх боллоо. Тодруулбал өнгөрөгч 2023 онд, мөн энэ оны гуравдугаар сард төрийн дээд алтан гадас одонг Бүгд найрамдах хятад ард улсад их хэмжээгээр үйлдвэрлэн хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан зөрчлийг замын-үүд дэх гаалийн газраас илрүүлжээ. Тодруулбал гаалийн хяналтын бүсийн зорчигчийн орох чиглэлд Монгол улсын иргэн О-гийн гар тээшинд рентген тоног төхөөрөмжөөр шалгалтын ажиллагаа явуулахад 86 ширхэг алтан гадас одонг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тогтоож харъяаллын дагуу замын-үүд дэх цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Хилийн боомтоор хууль бус бараа бүтээгдэхүүнийг оруулах зөрчлөөс гадна хориглосон бараа бүтээгдэхүүнийг хил давуулах гэсэн зөрчил ч буурахгүй байгааг гаалийн байгууллагынхан хэллээ. Энэ оны нэгдүгээр сард Иргэн Б нь 42 нэр төрлийн алтан болон бусад үнэт эдлэлийг биедээ нууж хил давуулаан татвараас зайлсхийх, Мөн монгол улсын иргэн Б, бүгд найрамдах хятад ард улсын иргэн С нар нь 15 ширхэг эртний үнэт эдлэл байж болох зүйлийг улсын хилээр давуулах гэж байсан зөрчлийг гаалийн байцаагчид илрүүлжээ.

 4,5,6 сар бол монгол улсад бүтээн байгуулалт эрчимждэг сар. Энэ үеийг далимдуулж хууль бусаар хориглосон бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулах, гаргах зөрчил нэмэгддэг. Хэдхэн хоногийн өмнө гэхэд л монгол улсын хилээр их хэмжээний адууны боловсруулсан өлөн гэдсийг хил давуулах гэсэн зөрчлийг илрүүлжээ. Ачаа тээвэр эрхэлж буй иргэдийн хувьд хуулийн мэдлэггүйгээсээ болж гэмт хэрэг зөрчилд холбогдох нь их байдаг гэнэ. Тэгвэл ачаа тээвэр эрхлэгч иргэн хуулийн этгээд тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийн бичиг, тодорхойлолтыг тухайн ачаа бараа тээвэрлүүлэгч иргэн хуулийн этгээдээс шаардах шаардлагатайг санууллаа. Хэрэв хориглосон бараа бүтээгдэхүүн тээвэрлэж зөрчилд холбогдвол тухайн тээврийн хэрэгслийг улсын орлого болгон хураан авах хуулийн зүйл заалт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа юм. Замын -Үүд дэх гаалийн байгууллага нь орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон учир та аливаа бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр ямар нэг байдлаар давуулчихна гэсэн гэнэн бодлоосоо салж, иргэний үүргээ биелүүлэх шаардлагатай байгааг энэхүү мэдээллээр сануулъя.

                                                                                                                       ЗАМЫН-ҮҮД

 Нэг үе замын-үүдийн боомт дээр ачаа барааны түгжрэл бөглөрөл үүсч улсын эдийн засгийн эргэлт царцанги байдалд шилждэг байлаа. Үүнээс улбаатайгаар ачаа тээврийн тарифаас шалтгаалж бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийг бухимдуулдаг байсан юм. Тэгвэл энэ цаг одоо ард хоцорчээ. Учир нь замын-үүдийн гаалийн нэвтрүүлэх хүчин чадал 3-4 дахин нэмэгдэж, ачааа тээвэрлэлт 24 цагаар хийгдэж эхлээд байна.

  Өмнө нь замын-үүд суманд хил давах эсвэл хилээр ачаа бараа оруулж ирэх гэсэн том тэрэгний цуваа хоёроос гурван км хүртэл үргэлжилдэг байлаа. Тэгвэл одоо энэ цуваа үгүй болжээ. Учир нь Замын-үүдийн боомтын ачаа тээврийн цогцолбор дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн 24 цагаар ажиллаж эхэлсэн юм. Ингэснээр өмнө нь ачаа тээвэрлэлт өглөөний 8-18 цагийн хооронд 200-250 гаруй тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрдэг байсан бол одоо энэ тоо 300-400 орчим болж нэмэгжээ.    

 Замын-Үүдийн боомт дээр ачаа бараа саатлаа гэсэн гомдол их байдаг. Ялангуяа авто машины импорт ихээхэн удаж байна гэх гомдлыг иргэдийн зүгээс хэлдэг. Тэгвэл энэ нь гаалийн байгууллагын үйл ажиллагаанаас гэхээс илүүтэй тээвэр зуучийн компани болон бусад шалтгаанаас үүдэн саатаж байгаа гэнэ.

Боомтын сэргэлтийн хүрээнд замын-үүдийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 30 барилга байгууламж,  ачаа тээврийн хэсэгт 28 барилга, инженерийн дэд бүтцийн 2,2 км шугам сүлжээ, цахилгаан хангамжийн 11 км шугам, дэд өртөө гэрэлтүүлэг, холбоо дохиолол, камержуулалт зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ.  Мөн улсын байцаагчдын ажиллах нөхцөл эрс сайжирч, хяналт шалгалтын ажлыг үр дүнтэй явуулах нөхцөл боломж бүрдсэн байна

Замын-Үүд боомт бол Монгол улсын нийт ачаа бараа эргэлтийн экспортын 22, импортын 49 хувийг нэвтрүүлдэг. Энэ утгаар нь авч үзвэл улсын эдийн засгийн эргэлтэд онцгой ач холбогдолтой. Замын-Үүдийн гаалийн газар 24 цагаар ажилладаг болсон нь ачаа тээврийн хүлээгдэл үгүй болж түүнийг дагасан өртөг зардал буурснаар үнийн хөөс хагарна гэж үзэж байна. Мөн замын-үүд боомтын шинэ цогцолбор ашиглалтад орсноор иргэдийн зорчих урсгалыг нэвтрүүлэх хүчин чадал 3-5 дахин нэмэгдсэн. Гааль болон хилийн байгууллага системийн шинэчлэл хийснээр нэг зорчигч дээр зарцуулах хугацаа ердөө 20 секунд болж буурчээ. Одоо зөвхөн хятадын тал дээр хурууны хээ авахтай холбоотойгоор хүлээгдэл үүсч байна.       



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна