2024/05/01

Т.Бадамжунай нарын гомдлыг УДШ хэлэлцэхээс татгалзав

info@inder.mn
2024/04/18

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч өнөөдөр хуралдан, Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг хэлэлцлээ. Прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Бадамжунайгийн өмгөөлөгч Э.Эрдэнэхишиг, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Д.Бямба-Очирын өмгөөлөгч Б.Мөнхбат нарын гомдолд үндэслэн, үүнийг хэлэлцсэн байна.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны 11 дүгээр сарын 3-нд захирамж гарган, “Т.Бадамжунай нарт холбогдох хэргээс зарим яллагдагчийн хэргийг тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байна” гэсэн үндэслэлээр уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр нийслэлийн Прокурорын газарт буцаасан юм. Үүнийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх энэ оны 2 дугаар сарын 1-нд магадлаад, “Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг зарим яллагдагчийн хэргээс тусгаарласан нь хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаар байгаа тул нэгтгэн шийдвэрлэх нь зүйтэй. Хэргийг тусгаарлах үндэслэл хангалтгүй байна” гэж үзээд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн. Үүнийг прокурор эсэргүүцсэн юм. Мөн шүүгчдэгч нарын өмгөөлөгч гомдол гаргасан.

УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгч уг эсэргүүцэл, гомдлыг хянан хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд хамаарахгүй байна гэж үзээд, хэлэлцэхээс татгалзав. Ийн давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна