Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жун Баасан гаригт Бээжин хотноо Шяншань форумыг нээж үг хэлсэн. Тэрбээр энэ үеэрээ Газын зурвас болон Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэх цорын ганц арга зам нь хэлэлцээр гэж мэдэгдлээ.
Шяншань форум нь жил бүр зохиогддог хамгийн том хэмжээний цэргийн дипломат форум юм. Энэхүү форумыг Сингапурт жил бүр болдог Шангри-Ла уулзалтад Хятадын зүгээс өгч буй хариу арга хэмжээ гэж нэрлэдэг. "Нэгдмэл ирээдүйн төлөө энх тайвныг дэмжинэ" уриатай энэ жилийн форум есдүгээр сарын 12-14-ний хооронд үргэлжлэх бөгөд 90 гаруй орон болон олон улсын байгууллагуудаас 500 гаруй төлөөлөгч оролцож байна.
Дун Жун хэлэхдээ "Украины хямрал, Израиль, Палестины мөргөлдөөн зэрэг халуун цэгийн асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга зам нь хэлэлцээр юм. Дайн, мөргөлдөөнд ялагч гэж байдаггүй. Сөргөлдөөн юунд ч хүргэхгүй. Мөргөлдөөн хурцадмал байх тусам яриа хэлэлцээ, зөвлөлдөөнөөс татгалзах аргагүй. Аливаа мөргөлдөөний төгсгөл нь эвлэрэл юм" гэжээ.
Баасан гаригт болсон дугуй ширээний уулзалтад Орос, Пакистан, Сингапур, Иран, Герман болон бусад орны цэргийн дээд төлөөлөгчид оролцсон байна. Тэд АНУ, Хятадын харилцаа, Европ, Азийн аюулгүй байдал, олон туйлт дэлхийн батлан хамгаалахын сорилтуудын талаар онцлон хэлэлцжээ.
Эх сурвалж: AFP
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна