2024/10/23

“Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод боллоо

info@inder.mn
2024/10/20

 Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод болж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх атар газар эзэмшсэний 65 жилийн ойн баярын хуралд оролцож үг хэллээ.

 Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жил, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг салбарын үе үеийн ажилтан, албан хаагч, малчин, тариаланч, үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдэд хүргэж, талархал илэрхийлэв. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ард иргэдийнхээ хүнсний хэрэгцээг хангах, экспортлох зорилгоор Атрын гурван удаагийн аяныг үндэсний хэмжээнд өрнүүлж байсан түүх, ололт амжилтыг дурдлаа.

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын нэг чухал асуудал нь хүн амаа эрүүл, аюулгүй орчин, найдвартай, эрүүл хүнсээр хангах явдал бөгөөд байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах ёстойг онцоллоо. 

 "Хүнсний хангамж, аюулгүй байдал" хөдөлгөөний хүрээнд Дархан уул аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг нүүлгэн шилжүүлэх Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол гарсан. Ийнхүү Дархан уул аймаг дахь Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхээр "Зээлийн батлан даалтын сан"-ийн 4 дэх салбар буюу төвийн бүсийн салбар байгуулагдлаа. Ийнхүү Зээлийн батлан даалтын сангийн Төвийн бүсийн салбар байгуулагдснаар Дархан аймаг, Төв аймаг, Сэлэнгэ аймгийн  аж ахуй нэгж байгууллага, баялаг бүтээгчид хүү бага, хугацаа урт батлан даалттай зээлийг ойроос авах боломж бүрдэж байгааг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан онцоллоо.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна