2025/01/07

Г.Жадамбаа: Халуун, ажил хэрэгч мэтгэлцээн өрнөсөөр, урагшилсаар байгаад шинэ Үндсэн хуулиа эх барьж авч чадсан

info@inder.mn
Өчигдөр 07 цаг 45 минут

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэ хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Т.Галсан:76 хоног хэлэлцсэний эцэст 70 зүйлтэй шинэ Үндсэн хууль баталсан түүхтэй   

(Ардчилсан шинэ Үндсэн хууль анх батлагдсан түүхэн дурсамжаас)

1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын 91 дүгээр тойргоос Ардын Их Хурлын депутатаар сонгогдож 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн биеэр оролцсондоо баярлаж байдаг юм.

1991 оны намар 428 депутат цугларч 76 хоногийн дотор багтааж шинэ Үндсэн хууль хэлэлцэж баталсан билээ. Эдгээр 428 депутатууд улс орны өнцөг булан бүрээс ирсэн ажилчин, малчин, тариаланч, улстөрч, сэтгүүлч, хүн малын эмч, тамирчин олон намын төлөөлөгч, хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуйн дарга гээд Монгол Улсын бүхий л давхаргын хүрээнийхэн байлаа.

Шинэ Үндсэн хуулийг батлахад нэлээд маргаантай шийдсэн асуудлууд бий. Хуулийн нэр, улсын нэр, газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Үндсэн хуулийн цэцийн тухай асуудлуудаар тус тусын үзэл бодлын үүднээс нэлээд маргаан, шүүмжлэлтэй хандаж, 76 хоног хэлэлцсэний эцэст 70 зүйлтэй шинэ Үндсэн хууль баталсан түүхтэй. Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан тэр үеийн депутатууд нь улс эх орон, ард түмнийхээ эрх ашгийн үүднээс асуудлыг шийдвэрлэдэг, хариуцсан ажлаа шударгаар гүйцэтгэж тодорхой үр дүнд хүрсэн, цаашид улс эх орондоо ихийг бүтээх найдвартай, ард түмэндээ танигдсан гавьяатай хүмүүс байсан юм.


Б.Сандуйжав:Махчин шувуу төрийн сүлдэндээ тахих гэж байна гэж олонх нь шүүмжилсэн боловч баталсан сүлд маань хийсвэр талруугаа жаахан хазайсан болов уу

(“Гавъяат хуульч”-ийг төрүүлсэн хуралдаан)

Улс орон даяар нийгмийн тогтолцоог өөрчлөх ардчиллын салхи ид хүчээ авсан 1992 оны хавар миний бие Баянхонгор аймгийн Намын хорооны даргын ажлыг аваад удаагүй байхад АИХ-ыг сонгох 12 дахь удаагийн сонгууль зарлагдаж нэр дэвшүүлэх кампанит ажил улс орон даяар өрнөв. Энэ сонгуульд шинээр үүссэн улс төрийн нам, иргэний хөдөлгөөний нэр дэвшигч, бие даагчдыг хөдөлмөрчдийн хурлаас нэр дэвшүүлэх бүрэн боломж олгосноор өргөн ардчилалтай сонгууль болох нь тодорхой байв.

Бөмбөгөр сумын төвийн Иргэдийн Хурлаас миний нэрийг АИХ-ын депутатад дэвшүүлж багийн хурлуудаар дэмжлээ. Миний өрсөлдөгч тус сумын МоАХ-ны зохицуулагч Халтар багш надтай уулзаж, та харьцангуй залуу хүн, нөгөө талаар саяхан орон нутагтаа ажиллахаар ирсэн зэргийг бодолцоод би нэрээ татахаар шийдвэрлэсэн, харин та сайн ажиллаарай гэж билээ. Ингээд нийт сонгогчдын 98 хувийн санал авч АИХ-ын депутатаар сонгогдсон түүхтэй.

АИХ-ын анхдугаар чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч бөгөөд УБХ-ын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд, хоёр шадар сайдыг сонгож батлах асуудлыг шийдвэрлэснийг санаж байна. Тэр үеийн АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбатыг нэг их маргаангүйгээр Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгон баталсан. Харин дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн С.Зориг, Р.Гончигдорж нараас депутатууд түмэн жорын асуулт асууж, зарим нь байцаах шахуу юм болов. Тухайлбал, морь унаж чадах уу ч гэх шиг. Хотын хүү С.Зориг тэр шалгуурт бүдрэх жишээтэй. С.Зориг зарим утга учиргүй асуултад нэг их ач холбогдол өгөлгүй нэлээд хошин маягаар хариулж оноо алдсан тал бий байх. Одоо бодоход дэд ерөнхийлөгч морь унаж чаддаг байгаад яах билээ. Ингээд хөдөөний амьдрал мэддэг гэсэн илүү үнэлгээгээр Р.Гончигдорж дэд ерөнхийлөгч болж байв. Гэхдээ аль аль нь шижигнэсэн сайхан залуус тул нэг их алдаагүй.

Харин Ерөнхий сайдад Д.Бямбасүрэн, Ш.Гунгаадорж нар нэр дэвшиж, ширүүн өрсөлдсөний дүнд Д.Бямбасүрэн гуай ялалт байгуулж, уг албан тушаалд томилогдож билээ. Цаашид шадар сайдад нэр дэвшсэн Д.Ганболд, Д.Дорлигжав нар ногоон гэрлээр гарсан байлаа.

Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг Ерөнхийлөгч өөрөө даргалан дараагийн чуулганаар хэлэлцүүлж батлуулахаар боллоо. Шинэ Үндсэн хуулийн анхны төслийг ард түмэн, хөдөлмөрчдөөр өргөн хэлэлцүүлж гарсан саналыг бүх шугамаар комисст хүргүүлж байв. Архангай аймагт АИХ-ын депутатууд аймгийн захиргааны удирдлагуудын бүсчилсэн уулзалт, хэлэлцүүлэг болж бид оролцов.


Ингээд 1991 оны 11 дүгээр сард ээлжит чуулганд Үндсэн хууль батлах хариуцлагатай үүрэг ноогдож, бид бүхэн төрийн Их танхимд хуран цугларсан билээ. Ерөнхийлөгч П.Очирбат гуай депутат бидэнд хандан Үндсэн хуулийн төсөл сайн боловсрогдсон тул 10-13 хоногт багтаан батлах юм шүү хэмээв.

Хуралдаан эхэллээ. Хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал, дэгээс эхлээд гацах нь тэр. Зөвхөн энэ асуудалтай 2-3 хонов. Дараа нь Үндсэн хуулийн нэр, улсын нэр ихээхэн маргаан дэгдээлээ. Төсөлд хуулиа “Их цааз” гэж нэрлэхээр оруулж ирснийг депутатууд эрс эсэргүүцэн байр сууриа ширүүхэн илэрхийлцгээв. Улсын нэр дээр бас их үзэлцсэн.

Улсын нийслэлийг Улаанбаатар гэж нэрлэхгүй коммунист бус өөр нэр өгнө гэж Улаанхүү депутат санал гаргатал өөр нэг нь тэгвэл чи эхлээд нэрээ өөрчил гэх маягийн хөгжилтэй маргаан өрнөдөг байлаа.

Төрийн сүлдийг тун нухацтай хэлэлцсэн боловч оновчтой шийдэж чадаагүй гэж боддог. Махчин шувуу төрийн сүлдэндээ тахих гэж байна гэж олонх нь шүүмжилсэн боловч баталсан сүлд маань хийсвэр талруугаа жаахан хазайсан болов уу. Ямар сайндаа л Ц.Балдорж асан “Бид чинь бөглөө мултлагч шиг морь баталчихлаа” гэж шогширч байхав. “Махчин шувуу”-тай сүлд зохиомжийн хувьд маш сайн байсан боловч депутатуудын сэтгэлгээний инерц давамгайлснаас хүлээн аваагүй болов уу. Гэхдээ дажгүй ээ.

Гэр бүл, нийгмийн асуудал хэлэлцэх үед Баян-Өлгийн депутатууд учир битүүлэг байдлаар гаргасан томьёоллыг эсэргүүцэн хуралдааныг мухардуулчихав. Их удаан маргалаа, зарим нь бухимдан гарч гүйж байв. Гэнэт Төв аймгийн нэгэн залуу депутат ерөөсөө хоёр эхнэртэй байж болох асуудлыг хуульчлах санал хураалт явуулъя гэх нь тэр. Танхим тэр чигээрээ сэргэж Ж.Уртнасан дарга санал хураалгахаар алхаа дэлдэв. Дэлгэц дээр 100 гаруй хүн зөвшөөрсөн тоо гарах нь тэр. Хуралд оролцсон депутатууд хажуудах байхгүй нөхдийнхөө товчлуурыг дарснаас болж тэр заалтыг золтой л баталчихаагүй. Маргааш нь уг саналыг Дорноговийн нэр нэгт депутат гаргасан мэтээр нэгэн сэтгүүлч сонинд ташаа мэдээлэл гаргаснаас нас ахисан сум, нэгдлийн дарга эр хэдэн өдөр гутарч билээ.

Үндсэн хуулийн шүүх буюу цэцийн тухай асуудалд нэг хэсэг нь эмзэглэлээ. Үндсэн хууль, УИХ-ын дээр хэмжээгүй эрхт хэдэн хүн гарах нь гээд хэсэг нөхөд бууж гарах нь тэр. Зарим нь ерөөсөө энэ Б.Чимид өөрийнхөө албан тушаалыг бэлтгэж байна гэж хардав аа. Хөөрхий Б.Чимид гуай би түүнд чинь очихгүй гэж тангараглах шахуу юм боллоо. Энэ мэтчилэн хөгтэйхөгжилтэй бас гэнэн гэмээр мэтгэлцээн 76 хоногийн турш Төрийн ордонд өрнөж билээ.

Тэр үеийн Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын дарга Ж.Уртнасан, депутат Б.Чимид, Р.Гончигдорж, С.Баяр, М.Энхсайхан, Л.Цог, Б.Галсандорж асан, О.Дашбалбар асан, иргэн Д.Ламжав нарын шилдэг сэхээтнүүд бид бүхнийг чиглүүлж чадсан гэж үздэгээ нуух юун. О.Дашбалбар асан “Бие даасан депутатуудын бүлэг” гэх 100 гаруй хүнтэй албан бус бүлэг байгуулан ширүүхэн үзэлцэж эх орны тусгаар тогтнол, өмч хувьчлал, Ерөнхийлөгчийн эрх хэмжээ зэрэг зүйлүүдэд олон чухал заалтууд оруулсан. Зарим нөхөд хадуураад явчихаар Б.Чимид гуай босоод гөвж өгнө. Ер нь Үндсэн хуулийн эхийг жинхэнэ гардаж авсан хүн тэр аргагүй мөн. Бид хуулийн заалт төдийгүй үг, үсэг бүрээр гарч болох эерэг, сөрөг үр дагаврыг дахин дахин хэлэлцэж байсан туршлагыг одоогийн УИХ хэрэгжүүлээсэй билээ.

Миний хувьд 21 удаа үг хэлсний дотор “Хүн амьд явах эрхтэй” гэсэн заалтыг “Хүн амьдрах эрхтэй” гэж оруулъя гэсэн санал төдийлөн дэмжигдээгүй. Оросоор “право на жизнь” гэж орчуулагддаг. Амьд явах, амьдрахын хооронд том ялгаа бий. Тэгээд ч энэ заалтыг өнөөгийн төр засаг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж ард түмнийхээ бараг тал хувийг зөвхөн “амьд” явуулаад байгаа ч юм шиг... Цаашдаа бодмоор зүйл юм даа.

Ингээд 13 хоногт багтаахаар төлөвлөсөн хуулийн төсөл маань 76 хоног дээрээ батлагдаж өмнөхөөсөө танигдахын аргагүй өөр болон мэндэлсэн түүхтэй. Үүнийг яагаад хэлэх болов гэвэл улс төрийн зарим хүчин энэ хуулийг гадаадынхны захиалга, шахаасаар баталсан мэтээр гуйвуулж байгаад няцаалт болгох гэсэн юм.

Үндсэн хууль батлагдахын өмнөх өдөр миний бие хамгийн их хүчин зүтгэл гаргасан Б.Чимид гуайг “Гавъяат хуульч” болгох саналыг хамтарч тавьцгаая гэж аймгийнхаа депутатуудтай ярьж тохиролцоод Л.Пүрэвгялын хамт товч тодорхойлолт бэлтгэж билээ. Ингээд “Үндсэн Хууль” батлагдсан торгон мөчид хуралдааны индэрт Л.Пүрэвгялыг гарган уг тодорхойлолтыг уншууллаа. Депутатууд нижигнэтэл алга ташихад Ерөнхийлөгч П.Очирбат босч та бүхний алга ташилтыг хүлээж авлаа гэвээ. Түүний дараахан Ерөнхийлөгчийн зарлиг гарч Б.Чимид гуай “Монгол Улсын гавъяат хуульч” цолоор шагнагдан тэр үеийн өдрийн од шиг цөөн “гавъяат”-ын нэгэн болж билээ. Түүх үргэлжилсээр л байна.

Г.Жадамбаа:Ардчилсан шинэ Үндсэн хууль Монгол Улсын хөгжлийн чиг ханлдагыг тодорхойлсон

1990 оны 7 дугаар сард явагдсан БНМАУ-ын АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар 97 дугаар тойрогт Заг сумын харьяат ХААИС-ийн багш, доктор Ю.Адъяа, аймгийн сайн малчин Б.Баасан нарын хамт нэр дэвшиж өрсөлдөхөд надад 100 хувийн санал өгч депутат болгосон. Тэр үеийн “Цаг үе” нэртэй сэтгүүлд “Хамгийн олон хонь цохдог даргадаа 100 хувь санал өгчээ” гэсэн мэдээ гарсныг үзээд би өөрөө ч гайхаж байсан. Нэгэн сонирхолтой зүйлийг бичмээр санагдлаа. Энэ нь юу вэ гэвэл миний хадам ээж Г.Доосмаа БНМАУ-ын АИХ-ын анхдугаар сонгуулийн депутатаар сонгогдож байсан бол хүргэн Г.Жадамбаа би АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулиар депутат болж ээж маань анхны, би сүүлчийн депутат болсон нь сонин санагддаг.

1990 оны 9 дүгээр сард хуралдсан АИХ-ын депутатуудын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган нээлтээ хийж ес хоног үргэлжилсэн санагдана. Энэ удаагийн чуулганаар БНМАУ-ын Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчийг сонгож, БНМАУ-ын Бага Хурлыг байгуулж, Засгийн газрын бүрэн эрхийг дуусгавар болгон шинэ Ерөнхий сайдыг томилсон.

Анх 53 хүний бүрэлдхүүнтэй байгуулагдсан Улсын Бага Хурал Үндсэн хуулийн төсөл боловсруулах, бүх ард түмнээр хэлэлцүүлэх, бүсчилсэн уулзалт, ярилцлага зохион байгуулах, олон улсын шинжээчдийн дүгнэлтийг авах зэрэг бүх бэлтгэл ажлыг хангуулсан түүхэн гавьяатай билээ.


1991 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ардын Их Хурлын II хуралдаан ажлаа эхэлж, депутат Ж.Уртнасанг хурлын даргаар сонгосон. Би бодохдоо Үндсэн хуулийн төслийг гурван сарын турш ард нийтээр хэлэлцүүлсэн, эх орны төдийгүй гадаадын олон эрдэмтэн, мэргэдийн санал, дүгнэлтийг авч тусгасан төдийгүй Улсын Бага Хурал олон удаа хэлэлцсэн, Ерөнхийлөгч П.Очирбат даргатай комисс сайн ажилласан тул бараг гар өргөн батлах л үлдсэн гэж бодож хуралдаандаа ирсэн. Гэтэл урагшаа явдаггүй дээ, жинхэнэ халуун маргаан, ажил хэрэгч байдал өрнөсөөр… Яг үнэнийг хэлэхэд эхний хэд хоног танхимдаа дасдаггүй, батлах хуулийнхаа нарийн нандин утга учрыг нь ч олохгүй хэцүүхэн байсан.

Манай Их Хурлын хуралдааны танхим удаан суугаад оюун бодлоо шавхах, бичиж тэмдэглэхэд их тохиромжгүй юм билээ. Адаглаад агааржуулагч, гэрэлтүүлэг муу, босож суух зайгүй шахам, юм тавьж бичих тавиургүй, танхимын нэмэлт гэрлүүд дээрээс шарах зэргээс болж амьсгаа давчдах, нүд эрээлжлэх мэтийг тэвчихээс өөр яах билээ.

Хуралдааны танхим маань эх орны амьдралын тусгал болж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ танхимд зовлон жаргал, баяр бахдал, гомдол гунихрал, өвчин зовлон, үхэл хагацал, дайрах давшлах, зодолдох, хэрэлдэх, хурал хаях, завсарлага авах, айлган сүрдүүлэх, аргадан царайчлах цөм л байсан даа. Батлан хамгаалах яамны орлогч сайд П.Мөнхдорж хуралдааны танхимд суудал дээрээ таалал төгсч бидэнд уйтгар гуниг авчирсан. Нүдэнд дулаахан сайхан генерал байсан даа.

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв урд эгнээнд намуухан суух атлаа жинтэй үг хааяа хэлнэ. Одоогийн төрийн сүлдийг хэлэлцэх үед хамаргүй хүн шиг дэндүү хавтгай юм, улсын нийслэлгүй юм шиг байдлаар өгүүлбэрт томьёоллоо гэх. Зохиолч О.Дашбалбар эх орны сөөм газраа бурхан гуйсан ч би өгөхгүй гээд л ширүүн үг хэлнэ. Э.Бат-Үүл коммунистууд та нар ардчилсан хууль баталж чадахгүй юм шиг байна. Ийм байдал удаан үргэлжилбэл буу шийдэмдээ хүрч мэднэ шүү... Ц.Элбэгдорж та нөхдийн ихэнх нь хуучин коммунистууд, шинэ юм олж харахгүй байна, харахыг хүсэхгүй байна... гээд л авч өгнө. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуай дүрэлзэн босч ирээд нэгэн залууд алганы амт үзүүлж л байсан. Ц.Лоохууз гуай бид энэ хуулийг баталж чадахгүй юм байна. Саналаараа тарцгаая, чаддаг хүмүүс нь сонгогдоод батална биз гэж тунирхана. Б.Чимид гуайг бүх депутатууд анхааралтай сонсоно. Тэрээр олон орны Үндсэн хуулийг уншиж судаллаа, ийм, тийм байдаг гээд “хичээл заана”. Иймэрхүү халуун, ажил хэрэгч мэтгэлцээн өрнөсөөр, урагшилсаар байгаад шинэ Үндсэн хуулиа эх барьж авч чадсан юм шүү.

Шинэ Үндсэн хууль монголын бүх ард түмний сэтгэл, ухаан бодол, хичээл зүтгэл шингэсэн бүтээл юм шүү. Яагаад гэвэл энэ хууль улс орны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, зүгийг зааж өгнө гэсэн сэтгэлээр Их Хурлын хуралдааны танхимд төдийгүй малчны хотонд, хонины бэлчээрт, автобусны буудал, гудамж талбай, хэвлэл мэдээлэл, радио телевиз хаана л бол, хаана хүмүүс энэ хуулийн талаар маргалдаж, мэтгэлцэж санал бодлоо бичгээр тасралтгүй ирүүлж байсан. Нэрт нийтлэлч Баабар хүртэл өөрийн санал хүсэлтээ хэлье гэж гуйж, хүсэж шаардсаар байгаад хэлж л байсан.

Энэ хууль бол улс орны тулгуур багана, зүг чиг юм шүү. Цагийн аясаар өөрчлөн сайжруулах зүйл гарч болно. Тэгвэл заавал ард түмнээсээ санал аваарай гэх байна. Нэн ялангуяа намын явцуу эрх ашиг, бүлэглэлийн сонирхол, албан тушаал эрх мэдэлд захирагдан өөрчилж эхэлбэл буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдгийн үлгэр болно гэдгийг анхаарууштай.


Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна