2025/04/25

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг энэ сард багтаан буцаан олгоно

info@inder.mn
16 цаг 57 минутын өмнө

Монгол Улсын иргэн анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буцаан олголтыг авах боломжтой. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-т заасан эдгээр албан татварын хөнгөлөлтийг татвар төлөгчийн дансанд шилжүүлж эхэллээ.

Тодруулбал, 2024 онд хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэхээр хүсэлт илгээн баталгаажсан нийт 28,188 иргэнд 52.4 тэрбум төгрөгийн буцаан олголтыг нийслэлийн Төрийн сангаас дөрөвдүгээр сард багтаан буцаан олгоно. Үүнээс 19,547 иргэнд орон сууцны хөнгөлөлт нийт 45.5 тэрбум төгрөгийг буцаан олгоно. Мөн 9,198 иргэнд оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтоор 6.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтууд:

23.3. Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

23.4. Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

23.5.Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

23.6.Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна