Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд хамаарах 4 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ханган ажиллаж, 2 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг эцэслэн батлуулж, олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенцын зөвшилцөх 4 асуудлыг шийдвэрлэж, Монгол Улсын Засгийн газарт санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг хүргүүлж, бусад асуудлаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлэг, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг тус тус явуулж, Байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг холбогдох Байнгын хороо, дэд хороонд тус тус хүргүүлсэн.
Түүүнчлэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай, Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай, “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль болон "Цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”, “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээр”, “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”, “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээ”-ний төсөл, зөвшилцөх асуудлыг эцэслэн батлуулсан.
Мөн чуулганы хугацаанд “Хуулийн төсөл буцаах тухай” хоёр тогтоол, “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”,“Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Эсватинийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай” Улсын Их Хурлын долоон тогтоолыг батлуулсан байна.
Байнгын хорооны харьяа Тусгай хяналтын дэд хороо 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд 1 удаа хуралдсан.
Хяналт, шалгалтын ажлын хүрээнд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч буй аюул занал, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд болон холбогдох байгууллагын мэдээллийг сонссонтой холбогдуулан “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай”, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг батлуулж, ажлын хэсэг ажиллаж байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны нэг мэдээллийг сонссон хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна