2025/09/18

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 48.7 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна

info@inder.mn
1 цаг 50 минутын өмнө

Өнөөдөр “Улаанбаатар хотын онцлох ажил”-ын жагсаалтаар Багануурын батарей хуримтлуурын станцыг онцолж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны аравдугаар сарын 12-нд ажлаа хүлээн авснаас хойш хотын эрчим хүчний төслүүдэд онцгой анхаарсан.

Үүний нэг Багануурын батарей хуримтлуурын станц бол байгальд ээлтэй ногоон эрчим хүчний чиглэлээр улсдаа анхдагч төсөл болсон.

Тодруулбал, нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл Багануурын батарей хуримтлуурын станц нийт 48.7 сая кВт.цаг эрчим хүчийг төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлээд байна.

Багануурын батарей хуримтлуурын станц нь шөнө эрчим хүчний хэрэглээ багатай үед илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж, хадгалж байгаад өдрийн оргил ачааллын үеэр нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл, өдрийн оргил ачаалал, шөнийн бага ачааллын хооронд 300-400 МВт эрчим хүчний зөрүү гардаг. Энэ зөрүүг хуримтлуулж ашигладаг эдийн засгийн үр өгөөжтэй станц юм. Мөн нар, салхины станц шиг байгалийн нөхцөлөөс хамаарахгүйгээр эрчим хүч үргэлж бэлэн бэлтгэгддэг онцлогтой. Улаанбаатар хотын нэг айлын эрчим хүчний дундаж хэрэглээг 2 кВт.цаг гээд тооцвол 50 МВт-аар 25 мянган айлыг 4 цаг эрчим хүчээр бүрэн хангах боломжтой.

Ташрамд, Багануурын батарей хуримтлуурын станцыг ердөө 75 хоногийн хугацаанд барьж, ашиглалтад оруулж байв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна