2025/11/18

​Г.Занданшатарын засгийн тэргүүний суудал ганхаж эхлэв

info@inder.mn
2 цаг 41 минутын өмнө

МАН-ын 31 дүгээр их хурал 3 өдөр дамнан хөл хөдөлгөөн, хэл шуугиантай хуралдлаа. Энэ их хурлаас ямар шийдвэр гарах бол гэсэн хүлээлт ч олны анхаарлын төвд байв.

Үүний нэг нь намын дарга Ерөнхий сайд байж болно гэх дүрмийн заалт. Ерөнхий сайд байж ч болно, байхгүй ч байж болно гэсэн хоёрдмол утгатай энэ заалтаар Г.Занданшатар засгийн тэргүүнээр үлдэх нь гэсэн таамаг байсан. Гэвч их хурлын хоёр дахь өдөр намын шинэчилсэн дүрмийг хэлэлцэхдээ намын дарга-Ерөнхий сайдын давхар үүргийг баталгаажуулсан байна. Өөрөөр хэлбэл, намын дарга нь Ерөнхий сайд байна гэсэн хатуу заалт оруулж баталжээ.

Ингэснээр Н.Учрал дараагийн Ерөнхий сайд болно гэсэн үг. Бага хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр хуралдаж, Удирдах зөвлөлийг шинээр байгуулснаар тун удахгүй засгийн тэргүүний асуудал хөндөгдөх юм.

Үүнтэй зэрэгцэн нөгөө талд АН-аас намын дарга УИХ-ын дарга байж болохгүй гэсэн хуулийн төсөл өргөн барьчихлаа. Мөн улстөрчид, намынх нь залуус Н.Учралыг Ерөнхий сайд болж мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах эсэхээ сонгууль болтол харуулж дүн тавиулах ёстой гэсэн мессэж ч “нисгэж” эхэлсэн байна.

Хэдийгээр МАН-ын дарга Н.Учрал “Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой үргэлжлүүлнэ” гэж мэдэгдсэн ч намын дүрмээсээ, нийгмийн хүлээлтээс давсан үг, үйлдэл гэж юу байхав. Тэр тусмаа эрх баригч намын даргаар сонгогдсон хүн намын их хурлынхаа 2400 гаруй төлөөлөгчийн хэлэлцэн баталсан дүрмийн заалтыг зөрчихөөс ажлаа эхэлбэл мордохын хазгай гэгч болох нь лавтай.

Тэгэхээр Г.Занданшатарын Цэцтэй хамжин барин авч үлдсэн, улайран дайрч тогтож хоцорсон засгийн тэргүүний суудал ганхах нь тодорхой болчихлоо. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй л дээ. Анхнаасаа эсэргүүцэлтэй тулгарч, тэнцэхгүй нь мэдээж байсан албан тушаалд хэт шунаад эцэст нь буух нь цаг хугацааны л асуудал байсан. Харин одоо улстөр цааш хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна