2026/01/17

Эрх мэдэлтнүүдийн шуналд Монгол сөхөрч байна

info@inder.mn
1 цаг 54 минутын өмнө

"ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг хойшлуулшгүй ажиллагаа явуулж 48 цагийн хугацаагаар саатуулсан. Түүнийг Авлигатай тэмцэх газраас албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт буруутган шалгаж байсан бөгөөд Н.Тавинбэхтэй хамт Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Нямаа, Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч Б.Товуудорж нарыг мөн саатуулсан гэх мэдээлэл байна.

Н.Тавинбэх нь 2020 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхимд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан бөгөөд сүүлд тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард захирлаар томилогдoод байгаа билээ.

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтийн өгсөн мэдээллээр, Н.Тавинбэх өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан иргэн Т-ийн үүсгэн байгуулсан компанид “зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэрээ байгуулж, хугацааг дур мэдэн сунгаж, төсвийг 2.6 сая ам.доллараар нэмэгдүүлэн давуу эрх олгожээ.

 

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Монгол Улсын 10 аймгийн төвийн дулааны станц барих төсөл”-ийн хүрээнд БНСУ-ын “Эксим банк”-ны эх үүсвэртэй 40 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр буюу 148,7 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх гэрээг 2019 оны долдугаар сарын 31-нд баталжээ. Ингээд Эрчим хүчний яамнаас төслийн Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-аас 2 аж ахуй нэгж, Монгол Улсаас 1 аж ахуйн нэгжийн түншлэлийг сонгон шалгаруулж, 9 сая гаруй ам.долларын гэрээ байгуулсан байна.

Үүнээс хойш зөвлөх үйлчилгээний ажлын хугацаа дууссан байхад тэр үеийн Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж хугацааг сунгасан байна. Ингээд зогсохгүй төсвийг 2.6 сая ам.доллароор нэмэгдүүлж Монгол Улсын нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгожээ. Энэхүү аж ахуйн нэгж нь Н.Тавинбэхийг Эрчим хүчний сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан иргэн Д.Товуудоржийн үүсгэн байгуулсан компани болох нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ. Тус компанид зөвлөх үйлчилгээний төлбөр гэж 2.1 сая ам.доллар буюу 7 тэрбум гаруй төгрөг олгосон байдаг.

 

Ямартай ч уг хэрэгт холбоотойгоор 21 газарт прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нэгжлэгийн ажиллагааг зохион байгуулсан бөгөөд Н.Тавинбэх ба түүний хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээрх өндөр үнэтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө болон үнэт эдлэлүүдийг хураан авсан байна.

Н.Тавинбэхийн хувьд 2020 Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргын алба хашиж байгаад 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон юм. Улмаар 2025 оны арванхоёрдугаар сард "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон, эрчим хүчний салбарт 35 жил ажилласан мэргэшсэн мэргэжилтэн гэж үнэлэгдсэн хүн.

 

Гэвч өнөөдөр албан тушаалаа урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх гэмт хэрэгт буруутгагдан саатуулагдлаа. Салбарынхан нь “ийм зүйл хийх хүн биш” гэж өмөөрсөн хандлага мэр сэр ажиглагдаж байна. Гэвч АТГ шалгаад тогтоогоод, шүүх мөрдөгчийн саналыг зөвшөөрч Н.Тавинбэхийг саатуулсан.

 

Энэ жишээ бол, Монголын төрд олон жил хариуцлагатай алба хашиж ирсэн эрхмүүд эрх ашгийн эрэмбээ мэддэггүй, мөнөөх хуульчилсан ашиг сонирхлын зөрчил хэзээд байсаар ирсний нотолгоо. Өөрийн хамаарал бүхий этгээдийн компанид 7 тэрбум төгрөг олгож, хугацаа сунгана гэдэг эрх ашиг биш гэж хэлэх хүн үгүй нь тодорхой.

Атал одоогийн байдлаар Монгол Улсаас БНСУ-ын “Эксим банк”-тай байгуулсан гэрээний зээлийн хүүд нийт 605 мянган ам.доллар төлөөд байгаа аж. Хамгийн харамсалтай нь 10 аймагт ДЦС барих төслийг хэрэгжүүлж байсан БНСУ-ын компани дампуурлаа зарлачихсан. Арван аймаг станц ч үгүй, одоо бүр гэрээ үзэглэсэн нөхдүүд авлига албан тушаалын хэргээр баривчлагдчихлаа.

 

Үнэхээр Монголын төр албан тушаалтнууддаа хариуцлагыг мэдрүүлж, төмөр нүүрээ харуулж чадахгүй “сульдаа” болсныг энэ мэт хэргүүд бэлхнээ хэлээд өгнө. Гэвч яриад шуугиад өнгөрдөг. Авлигачийг шалгалаа, тогтоолоо, саатууллаа, суллалаа гээд мартдаг баймааргүй байна. Тиймээс энэ хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна