АН-ын бойкотын ачаар Ерөнхий сайдын сэнтийд тухлаад буй Н.Учрал Засгийн газраа төвхнүүлэх гэж бүхэл бүтэн 7 хоног дуншсаны эцэст өнөөдөр нэг УИХ-ын дарга болоод сайд нарын нэрсийг тодруулах тохироонд хүрсэн бололтой.
Бололтой ч гэж, дараагийн Улсын Их хурлын дарга Ховд аймгаас тодорно гэх саарал ордны тамхины цэгийн мэдээлэл үнэн гэдгийг МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн шийдвэр нэгэнт батлаад харуулчихав.
Ховдынхон энэ жил өнгөтэй байгаа. Тэр дундаа саяхан л Улсын Их хурлын Дэгийн тухай хуулийг Үндсэн хуулийн цэцэд үл нийцүүлэх заалттайгаар батлуулсан гэх шүүмжлэлд өртөөд байсан С.Бямбацогтын хувьд.
Ийм нөхрийг Монгол Улсын Их хурлын даргаар томилох шийдвэрийг эрх баригч МАН-аас гаргаж буй нь төр, түмний эрх ашиг улсчөрчдад нэг их чухал биш гэдгийн баталгаа мэт.
Ямартай ч Удирдах зөвлөлийн шийдвэрийг МАН-ын бүлгээр орж, улмаар чуулганаар дэнслүүлнэ. Нэгэнтээ Ерөнхийлөгч тэргүүтэй намын лидерүүд шийдсэн шийдвэрийг парламент хүссэн хүсээгүй хүлээж авах нь тодорхой.
Тэгвэл С.Бямбацогт гэж хэн бэ.
Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй.
Нидерланд Улсын Маастрихтын Их сургуул, МУИС-ийг төгссөн.
Ажлын гараагаа "Ховдын өргөө" ХХК-ийн ерөнхий захирлаар эхлүүлсэн бол 2008 оноос УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдож, сайдын сэнтийд 3-таа тухалсан нэгэн юм.
Улсын Их хурлын дарга хэн бэ гэдгээс үл хамаарч энэ удаагийн парламент цаашлаад Засгийн газар хэдий хэр удаан амь бөхтэй орших бэ гэдэг хэн бүхэнд сонирхолтой байгаа.
Түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй шиг, улс төрд юу болж өрнөхийг хэн ч таашгүй.
Тиймээс "галзуучуудын" цуглаан гэгдээд буй энэ удаагийн парламентыг
С.Бямбацогт хэрхэн удирдан чиглүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хэр нийцтэй байхыг харах л үлдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна