Улс төрд санамсаргүй зүйл гэж огт байдаггүй. Тэр дундаа төрийн сэнтийд хэдэнтээ заларсан гишүүдийн хувьд үе үе “албаартахаас” биш, гэнэ алдаж хөдлөх нь барагтай үгүй.
Гэтэл 2016 оноос хойш нэг ч удаа өвдөг шороодолгүй 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, бүр Хууль зүй, дотоод хэрэг, Зам, тээвэр, Батлан хамгаалахын сайд гээд төрийн бүх л өндөр дээд суудалд заларч явсан С.Бямбацогт гишүүний нэгэнтээ “албаартсан” хэргийг чуулганы индэр дээрээс нэр бүхий гишүүн өчигдөр зарлачихав.
Учир юу гэвэл, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн авах нь зүйтэй гэх томьёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн 63.8 хувь нь дэмжсэн.
Энэ нь ямар учиртай дүгнэлт вэ гэхээр … “Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.” гэж заасны “… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн байна аа гэдэг асуудал.
Нэг үгээр хэлбэл, “асуудал гарвал 3 хоногийн дотор хэлэлцэнэ ээ” гэж Үндсэн хуульд заасан атал УИХ-ын Дэгийн тухай хуульд 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулахдаа санамсаргүйгээр тоо андуураад “7 хоног” гээд тусгачихаж.
Хуулийн заалт зөрчилтэй байна аа гэдэг нь өнгөрсөн 2025 оны гол дуулианы нэг болох Ерөнхий сайд асан Г.Занданшатарыг сэнтийгээ өгөх үеэр нь илэрч, үүнд нь Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргасан нь энэ.
Тухайн үед Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх чуулганыг Х.Булгантуяа дэд даргын хувиар даргалахдаа өнөөх зөрчилтэй заалттай хууль болох Дэгийн тухай хуулийг биш харин Үндсэн хуулийг баримталсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг баримталж хурал даргалсан нь хууль зөрчсөн үйлдэл биш атал парламентын гишүүний тангарагаасаа няцсан хэмээн ял тулгаж буй нь шударга бусын хонгилоор чирэх гэсэн санаархал гэж шууд утгаар уншигдаж байгаа юм.
Өнгөрсөнд ийм асуудал өрнөж, өнөөдрийг хүрсэн бөгөөд асуудал хөвөрсөөр Үндсэн хууль зөрчсөн дээрх заалтыг Дэгийн тухай хуульд “шургуулж” батлуулсан хэргийн эзэн, хэнгэрийн дохиурыг хайх ажиллагаа өчигдрийн чуулганы үеэр өрнөлөө.
Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Очирбат “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт маш ноцтой агуулгыг хөндөж байгаа. Урьд нь ийм дүгнэлт бараг гарч байгаагүй байх. Үндсэн хуулийг санаатайгаар зөрчсөн байгаа юм. МАН 10 жил төр барилаа. Тухайн үед энэ хуулийн төслийг хэн өргөн барьсан юм бэ. Хэн дэмжээд явсан юм” гэж хатуухан хэлсэн нь гишүүдийн анхаарлыг татсан юм.
Ингээд хэнгэргийн дохиур хэн байв гээд хөөтөл өнөөх С.Бямбацогт гишүүн байх нь тэр. Үнэн гэдгийг нь ч чуулганы ирц бүрдүүлэх гэж шөнөжин ганцаараа ярьсан гэх “ял”-нд унаад буй Х.Булгантуяа гишүүн батлаад хэлчихэв.
Тэрбээр “Тухайн үед С.Бямбацогт сайд Дэгийн тухай хууль батлах ажлын хэсгийг нь ахалж байж. Гэтэл саяхан Үндсэн хуулийн цэц дээр хамгийн сайн хуулиа мэддэг гээд миний эсрэг зогсож байсан хүн шүү дээ” гэж хэлсэн нь олны чихийг дэлдийлгэсэн юм.
Ингэж л Үндсэн хууль зөрчсөн ноцтой заалтыг залруулахгүй бүхэл бүтэн 6 жил нүдээ аньсан асуудлыг өчигдрийн чуулганаар хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэм буруугаа УИХ хүлээн зөвшөөрч алдаагаа засахаа илэрхийлэв.
Эцэст нь, түмэн олныг төлөөлж төрийн өндөр сэнтийд суусан эрхэм гишүүн С.Бямбацогтоо багахан шиг албаартаарай
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна