2026/04/01

Том ахын замналыг үргэлжлүүлсэн “MSC”-ийн гэх Д.Энхтүвшин

info@inder.mn
2 цаг 47 минутын өмнө

Соц үед “том ахын заасан замаар” гэх уриа лоозон, бүр сургаал маягийн жаяг мөрдөгддөг байлаа. Азаар ардчилсан хувьсгал өрнөснөөр олон ургалч ноёлж, энэхүү гажуудал алсран одсон гэхэд болно. Гэвч хойд хөршөөс улбаатай энэхүү муухай гажуудал өнөө үед “том ах” нарын цүнх баригч, аялдан дагагч гэх хэлбэрээр өнгө, дүрсээ хувилгаад байна.

Асуудлыг нэхвэл, өнөөгийн улс төрийн хамаг том ахаар тодроод буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн байх үедээ буюу 2014 онд Хүнс хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханыг ганц цохилтоор “газартай тэгшилж” байв.

Уг зодооныг Дубайн гэрээний гол буруутнаар цоллогдоод буй Ч.Сайханбилэг салгаагүй бол өдгөө У.Хүрэлсүх Ерөнхийлөгч бус харин ч улс төрийн карьер нь хэсэгтээ “паус”-лагдах байсан нь тодорхой. Өнгөрсөн юм өнгөрсөндөө үлддэг жамтай ч харин ганц л зүйл өнөөг хүртэл амь бөхтэй оршиж, бүр тэрхүү замналаар эр, эм гэлтгүй бүхий л улстөрчид замнаж байна.

Энэ нь сав л хийвэл бусдыг тэр дундаа төрийн албан хаагчид болоод эгэл ард түмнийг амандаа орсноороо харааж, элдэвлэхийн сацуу дуртай үедээ гар хүрдэг болсон гажуудал.

Өнөөгийн парламентад хэцүү нэртэй улстөрч цөөнгүй бий. Багш нарын дэмжлэгийг авч Их хурлын гишүүний суудалд суусан гишүүн нь багш нарыг гуйлгачин, түүлгэчнээр нь дуудсан бол ээжүүдийн саналыг хуйгаар нь хамсан нөгөө нэг гишүүн нь бас л хэлэх, хэлэхгүй үгийг амнаасаа урсгасан.

Аргаа барсан Төрийн тэргүүн нь УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцож, эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барив. Нэг талаас нь харахад, өөрөө бусдын биед гар хүрсэн уур омгоо “монгол мужик зан” гэж пиардаж явсан төрийн тэргүүн маань ийм хуулийн төсөл өргөн барих нь инээдтэй ч юм шиг.

Хэдий ийм ч гэлээ, асуудлын гол нь УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох тухай хуулийн төсөл өргөн бариад сар ч хүрээгүй байхад дахиад нэг улстөрч эрхэм бусдын биед халдчихав. Яг л “том ах” шиг ээ.

Учир юу гэвэл, УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Туулын хурдны зам” төслийн эдийн засгийн үр ашиг, техник эдийн засгийн үндэслэл, төсөвт өртөг,  санхүүжилтийн эх үүсвэр, төсөвт үзүүлэх нөлөөлөл, мөн гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалттай холбогдох мэдээллийг сонссон юм.

Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, орлогч дарга Т.Даваадалай руу УИХ-ын гишүүн Р.Батболд давшилсан байдалтайгаар нэг агуулга бүхий асуултаа удаа дараа тавьснаас үүдэж, хотын төлөөлөл багагүй бухимдав. Эцэстээ Р.Батболд гишүүн хотын удирдлагыг сэтгэлгүй дуракаар нь дуудаж, бүр гарах уу гээд уриалаад авсан юм.

Яг энэ үгний араас хотын дарга Х.Нямбаатар бие засахаар танхимаас гарсан бол түүний араас УИХ-ын нэр бүхий гишүүд дагаад хотын орлогч Т.Даваадалай гарч харагдсан.

Яг эндээс л асуудал үүссэн. Учир нь УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт, асууж хариулт аваагүй хэр нь ээ, хотын орлогч Т.Даваадалайг хуралдааны танхимаас "гараад ир" гэж гаргаж ирэнгүүтээ мөргөж унагаадхав.

Юу гэдэг билээ, хар хүний өмнөөс шар хүн гэдэг шиг Р.Батболд гишүүнийг Д.Энхтүвшин гишүүн өмөөрч, өмнөөс нь бусдын биед халдан уур омгоо гаргаж байгаа юм уу даа.

Хамгийн хачирхалтай, бас ёс зүйгүй үйлдэл нь юу байсан гэхээ, сэтгүүлчид түүнээс яагаад хүний биед халдаж байгааг нь асуухад ямар нэгэн тайлбар хэлэхгүй "өөрсдөөс нь асуу" гэсэн нь олны дургүйцлийг төрүүлээд байна.

Харин хаа очиж хотын орлогч Т.Даваадалай эр хүний зангараг гаргаж, “Эр хүнд байх асуудал. Гомдол гаргахгүй, зүгээр ээ” гээд зогсож байгааг харах сайхан байлаа.

Эндээс нэг зүйлийг эрхэм төрийн тэргүүнээс асуумаар байна.

Өөрийн тань бөөцийлж, торддог “MCS”-ийн гэх УИХ-ын гишүүн Д.Энхтүвшиний эл үйлдэл зөв үү. Хэрвээ таны өргөн барьсан хуулийн төсөл батлагдвал түүнтэй хариуцлага тооцох уу. Таныг тэртээ 12 жилийн өмнө гаргасан тавтиргүй зан өнөөгийн улстөрчдийн дунд үлгэр дуурайл болж байгааг та хүлээн зөвшөөрч чадах уу гэдэг асуултыг тавья.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна