2025/01/23

​МОНГОЛ ЗУРХАЙН ЦАГ ТООНЫ БИЧГИЙГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

info@inder.mn
22 цаг 14 минутын өмнө

Шинжлэх Ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол улсын гавьяат багш, физикч Лосолын Бямбажаргал багшийн судалгааны бүтээл, МУ-ын Засгийн газар, Ерөнхийлөгчийн тамгын газрын 2002 оны ажлын хэсгийн 1000 жилийн цаг тооны бичгийн тооцооллын эцэслэн шийдсэн судалгааны ажлын бүрэн эх хувийг Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэлэн хийдэд гардуулах үйл ажиллагаа боллоо.

  Тус үйл ажиллагаанд МБШТөв-Гандантэгчэнлин хийдийн Дэд хамба, гавж С.Гантөмөр ХМНОНХ тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл, Зурхайч Б.Нямжанцан, Хэвлэл мэдээлэл, ОНХА-ны дарга Ж.Одгарьд, Шинжлэх Ухааны Академийн Физик Технологийн Хүрээлэн Ж. Даваасамбуу, ШУА-ийн ФТХ-гийн захирал, доктор, Академич 2. Х. Намсрай. ШУА-ийн ФТХ-гийн ЭША, доктор, Академич, Чингис хааны одонт, Төрийн соёрхолт, Шинжлэх ухаан гавьяат зүтгэлтэн/ 1960-аад оны үед ШУА-д анхны зурхайн судалгааны баг ажиллаж үед хамт ажиллаж байсан/ Х. Цоохүү, ШУА-ийн ФТХ-гийн ЭША, доктор, профессор, Гавьяат багш/ Тухайн судалгааг санхүүжүүлэгч Шинжлэх ухаан технологийн сангийн захирал/ Л. Бямбажаргал, ШУА-ийн ФТХ-гийн ЭША, Гавьяат багш/ Судалгааны багийн ахлагч/ нар оролцсон юм.

                                                                                          

                                                                           Монгол Улсын цаг тооны цагалбарын тухай

 Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хуралдаанаас Монгол төрийн түүхэн тэмдэглэлт томоохон үйл явдлын болон төр, нийгмийн зүтгэлтний мэндэлсэн өдрийг өнөөгийн цаг тоололд шилжүүлэн тогтоох асуудал байнга гарч байгааг харгалзан

Монгол Улсын цаг тооны цаглабар бий болгох талаар холбогдох байгууллага, эрдэмтдийн санал. монгол зурхайн уламжлалт аргад тулгуурласан төсөл боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад даалгасан билээ..

Энэхүү даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн эрдэмтэд, зурхайчдыг оролцуулан зурхайн тооллын асуудлаар онолын бага хурал зохион байгуулж, Монгол Улсын цаг тооны бичгийг зохиохдоо

Монгол орны газар нутагт тохирсон. монгол зурхайчдын хамтын бүтээл болох Төгсбуянт шинэ зурхайн ёсыг баримтлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.

Мөн хурлаас одон орон судлалын эрдэмтэд, зурхайчдын төлөөлөл бүхий ажлын

хэсэг байгуулж монгол цаг тооны цаглабар зохиох ажлыг төслийн хэлбэрээр гүйцэтгэх нь тохиромжтой гэж үзсэний дагуу одон орон геофизикийн судалгааны төв, МУИС, Монголын үндэсний түүхийн музей зэрэг эрдэм шинжилгээний байгууллагаас гадна “Гандантэгчилэн хийд”- ийн цорж лам Г.Диваасамбуу, ‘Түвдэнпэлжээлэн хийд”-ийн хамба Р.Гончигсүрэн, “Дэчинчойнхорлон хийд” -ийн хамба, Монгол зурхайчдын холбооны тэргүүн Г.Пүрэвсүрэн, дэд тэргүүн Ж.Пүрэвжав зэрэг 13 хүний бүрэлдэхүүнтэй төслийн баг байгуулж энэхүү ажлыг гүйцэтгүүллээ.

Монгол цаг тооны цаглабарт монгол тооллын нэгдүгээр жарны эх гал туулай жил буюу Григорийн тооллын 1027 оноос 2106 оныг дуусталх хугацааг хамруулсан бөгөөд монгол нутагт хэрэглэж ирсэн цагалбар зохиох уламжлалт арга, түүний түүхэн үндэс, одон орон зүйн нийцэт байдлыг харьцуулан судалгаа хийлээ,

 Энэ хугацааны нийт 1080 жил 13361 сарын 394853 хоногийн өдөр бүрийн монгол зурхайн зурлагыг Төгсбуянт зурхайн ёсоор зурж cap бүрийн нар сарны тохиолыг орчин үеийн астрономийн тооцоотой харьцуулан судалсан байна.

Мөн астрономийн онцлог үйл явдлууд болох энэ хугацаанд болсон буюу болох 2565 нарны хиртэлт, 2602 сарны хиртэлтийг жишин үзжээ. 

Монгол тооллын Сарны сарын дундаж урт нь энэ хугацаанд 29.53058 хоног байгаа нь орчин үеийн астрономийн тооцоогоор үнэлж буй 29.53059 гэсэн үнэлгээтэй маш нарийн тохирч байгааг харуулж байна.

Төслийн үр дүнг ШУА-ийн Информатикийн хүрээлэн, Физик-технологийн хүрээлэн, Одон орон геофизикийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан нарын эрдэм шинжилгээ, арга зүйн нэгдсэн семинараар хэлэлцүүлэхэд монгол зурхайн 2500 гаруй хуудас номыг хэвлүүлэн нийтийн хүртээл болгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг тус семинараас хийсэн байна.

Мөн энэхүү ажлын талаар МУИС-ийн Физик, электроникийн сургуулиас өгсөн саналд “Монгол цаглабарын талаар манай зурхайчдын дунд санал, онол зөрөх явдал нэгэнт үүсээд мэтгэлцдэг болжээ.

 Энэ бүтээл тухайн асуудалд нэгэн утгатай хариу өгөх хэмжээний өргөн хүрээтэй судалгааны үр дүнг нэгтгэсэн шинжлэх ухааны үнэтэй бүтээл болсон байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна,

“Нарны тооллын цаглабар, монгол цаглабарын аргын хооронд ямар нэг зөрчил байгаагүй, цаашид үүсэхгүй гэдгийг орчин үеийн астрофизикийн аргаар нотолсныг онцлон тэмдэглэж байна” гэж дүгнэсэн байна.

 БСШУЯ-наас ЗГ-рт хэлэлцүүлэхээр явуулсан Танилцуулга

                                  “Төгсбуянтын зурхайг дагаж мөрдөх тухай нэгэн баримт” - Архивын баримт...    МУИС-НШУС-н Түүхийн II ангийн оюутнууд бид 6-р сарын 13-аас 7-р сарын 5-ны хооронд Үндэсний Төв Архивт үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа бөгөөд энэхүү дадлага хийх хугацаандаа миний бие “Төгсбуянтын зурхайг дагаж мөрдөх тухай нэгэн баримт”-ын талаар судалж холбогдох баримтыг крилл бичигт буулган танилцуулж байна.             

          Монголчууд Манжийн нөлөөнд байх үед Бээжин хотноо Тэнгэрийг сүсэглэх яам хэмээх шар зурхайг эрхлэх газар буй болоод, тэндээс эрхлэн олон зуун жилийн турш шар зурхайн цаглабар буюу хуанлийг зохион гаргаж, харъяат орнууддаа өөр, өөрийн нь хэлээр хэвлэн тарааж, албан харилцаанд албадан хэрэглүүлсээр ирсэн билээ.

          Манж Чин Улсын Тэнгэрийг сүсэглэх яамнаас  “Зарлигаар тогтоосон түмэн оны цаг улирлын бичиг” хэмээх монгол хэлт хуанлийг худам монголоор гаргаж барлан тараасан нь эдүгээ түүхийн баримт гэрч болон хоцоржээ.

            Бас манжийн хааны зарлигаар 1712 онд Шар зурхайн ёсны “Солбицон барих бодрол бичиг” хэмээх хятадын шар зурхайн гол судрыг, төвд, монгол хэлээр орчуулан модон бараар тархаасан нь эдүгээ Үндэсний Номын Санд хадгалагдан байдаг байх нь.

           Бидэнд мэдэгдэж байгаагаар одон зурхайн дорвитой бүтээл туурвисан анхны монгол хүн бол “Ламын гэгээн” гэж алдаршсан, анхны хүрээ хамба Лувсанданзанжанцан юм. Тэрээр XII жарны гал туулай жил (1687) “ Зурхайн гол судар авч, огоорохыг тодотгогч гэрэл”, “Бүтээлийн зурхай тэргүүтний гарын авлага” зэрэг зохиолоо бичиж, монгол оронд одон зурхай дэлгэрэх баттай суурийг тавьсан байна.

            XIII жарны гал туулай жил (1747) монголын түүхч, гүн ухаантан, зурхайч Сүмбэ хамба Ишбалжир (1704-1788) төвдөд дэлгэрсэн Цүр, Пүг хэмээх хоёр ёс (сургууль)-ыг монгол орныхоо газрын хуваарьт тохируулан “Төгс буянт шинэ зурхай” хэмээх монгол одон орон зурхайн сургуулийг байгуулжээ.

            Энэ сургуулийн гол төлөөлөгчид болох Цахар гэвш Лувсанцүлтэм (1740-1810), дээд монголын Сэрдэг гэгээн Лувсанчүлтэмжамц (1865-1915), ар халхын Говь түшээ гүний хошууны зурхайч Доёдбалдан (1860-1920) зэрэг олон мэргэд зурхайн чиглэлээр тус бүр нэгэн боть ном туурвиж, монгол орны өргөн уудам нутаг дэвсгэрт шинэ зурхайн ёсыг түгээн дэлгэрүүлжээ.

  Улмаар Их Хүрээнд 1789 онд “ Зурхай дацан” хэмээх нэртэй, “Тантара ража”, “Калачакра тантара ражаан их тайлбар сарны хиргүй гэрэл” болон Сүмбэ Хамбын “Төгс буянт шинэ зурхайн гол” зэрэг ном судрыг сургалтын гарын авлага болгосон мэргэжлийн зурхайч нарыг бэлтгэн гаргах зурхайн сургууль байгуулагдсан ба Монголын томоохон Хүрээ хийдүүдэд ч зурхайн дацан олноороо гарчээ.

        Зурхайн талаарх онолын номуудад гүнзгий мэргэжиж, “Зийрэмбийн дамжаа” хэмээх номын хурал маргаанд оролцож амжилттай дүн үзүүлсэн хүмүүст “Зийрэмбэ” буюу “Зурхайн зэрэгтэн” гэдэг эрдмийн цол хүртээдэг байжээ. Монголын зурхайч, зийрэмбэ нар зурхайн онолын болон од эрхсийн хөдөлгөөнийг хөөн бодох аргыг боловсруулсан ном, бүтээлийг олноор туурвиж, түүндээ тулгуурлан, цаг улирлын тооллын бичгийг зохиож, амьдрал ахуйдаа хэрэглэсээр иржээ.  XX зууны эхэн гэхэд Зурхай дацан нь Хаант Монгол Улсын үеийн жил тутмын цаг тооны бичгийг бэлтгэж, Их Хүрээний “Сүм бүм” хэмээх бар хэвлэлийн газраар хэвлүүлэн түгээдэг байсан байна.

   Үндэсний Төв Архивын сан хөмрөгт одоогоор 1912-1930 оны хооронд хамаарагдах Шашин төрийг хослон баригч хаант Монгол Улсын үеийн есөн хадгаламжийн нэгж цаг тооны бичиг, Монгол Улсын үеийн мөн есөн цаг тооны бичиг нийт арван найман хадгаламжийн нэгж, үүн дээр нэмэгдэх нөөц хувь арван таван хадгаламжийн нэгж нийт гучин гурван хадгаламжийн нэгж цаг тооны бичиг хадгалагдаж байна.

   Цаглабар нь тухайн улс, үндэстний аливаа хэрэгт мөрдөх чухал баримт мөн тул тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгэн хэмээн үзэж болууштай. Монголчууд Манж, Хятадын ноёрхолд орж тусгаар тогтнолоо алдаж явсан үедээ төрийн хэрэгт шар зурхайн хуанлийг хүчинд автан хэрэглэж байсан ч хос ёсны хэрэгт мөнөөхөн төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабараа мөрдөж байжээ.

  1911 онд Манжийн дарлалыг түлхэн унагаасан тэр түүхэн цаг үед Богд хаант монгол гүрэнд мэргэдийн шүнтэй, монгол  оронд тохирсон, төгс буянт шинэ зурхайгаа тусгаар тогтнолын бэлгэдлийн нэгэн болгон мөрдөж байхаар Богд эзний гэгээн зарлиг гарсан билээ.

          Цаг улирлын тооны бичгийг монгол үсэгт орчуулан албан хэрэгт тус болгох явдлыг айлтгасан айлтгал, буулгасан Зарлиг (1912.01.21)

“Өвлийн сүүл сарын шинийн хоёронд шавь боол Цэ, Го сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь цаг улирлын тооны бичгийг монгол үсэгт орчуулан албан хэрэгт тус болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуйх учир шавь боол Цэ, Го нар хянан байцааваас мөнөөхөн Чин улсаас монгол үсгийн цаг улирлын тооны бичиг дармал дарж, олон монгол аймагт тархааж, албан бичиг зэрэгт цөм түүнийг баримтлан нэгэн аяс болж явсан нь зөрөлдөхгүй будлиан гарсангүй аж.   Одоо манай Монгол улс өөртөө байгуулж, тулгар төр тогтоосны тул даруй өөрийнхөө цаг улирлын тооны бичиг тархаан дагаж явуулваас зохих үүнд бэлхэнээ манай Хүрээний зурхайн дацанд төвдийн үсгийн цаг улирлын тооны бичиг зохион тархаадаг бөгөөд зүйл зүйлийн ёсыг зуран гаргаж болох ном буй хэмээх тул эдүгээгээс жил бүр шар зурхай, төвдийн зурхай хоёр ёсыг хавсарган нарийвчлан зуруулж, цаг улирлын тооны бичиг зохиолгож, монголоор  орчуулан Дээр толилуулуулаад олон монгол аймагт тархаан олгож байваас өдөр сар урьд хожид болон будлиантахгүй. Алба аливаа зүйлд их л тустай болох мэт тул одоо манай Дотоод яамнаас Хүрээний хамба номун хан Эрдэнэшанзудба нарт тушааж улмаар тушаалган эртнээс зуруулан орчуулгаваас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү сарын шинийн таванд хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээв” гэж бичжээ.

МУҮТА, Х-А3, Д-1, ХН-3, Хуу-46-47а

ҮТА-ын эрдэм шинжилгээний ажилтан Г.Намнансүрэн Оюутан  МУИС-НШУС-н Түүхийн II ангийн оюутан  Б.Отгон-Эрдэнэ


1960-аад оноос Малчдын календарь  гэж нэрлэгдэн ШУА-аас эрхлэн гаргаж байв

1990 оноос хувь хүмүүс чөлөөтэй эрхлэн гаргаж  эхэлсэн.

                                                                                                                               АСТРОНОМИЙН НИЙЦЭТ БАЙДЛЫГ ТАНИЛЦУУЛГАД  ДУРДСАН

Гэвч залуу эрдэмтний тайлбар сонин байх.

Намайг Ц.Гантөмөр гэдэг. Би Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрж, өссөн. МУИС–ийн Физикийн ангийг онолын физикээр төгссөн. Багаасаа физик математикт сонирхолтой хүүхэд байлаа.

Сургуулиа төгссөний дараа Физик технологийн хүрээлэнд нэг жил гаруй ажиллаад Голланд улсыг зорьсон. Тэнд математикийн чиглэлээр магистр болон докторын зэргээ амжилттай хамгаалсан. Одоо МУИС-д болон Канадын МкГиллийн их сургуульд профессороор ажиллаж байна.

 Нэг. Илүү сар

             Илүү саруудын хооронд орж байгаа «энгийн» саруудын тоо нь 33, 32, 33, 32, … гэх мэтчилэн ээлжилдэг. Өөрөөр хэлбэл билгийн 65 жилд энгийн, илүү нийлээд 65·12+2·12=804 сар байна. Энэ нь ойролцоогоор 29.530588 · 804 ≈ 23742.5927 хоног. Харин Григорийн тоололд жилийн урт дунджаар 365.2425 хоног гэдгээс аргын 65 жилд 365.2425 · 65 = 23740.7625 хоног байна. Тэгэхээр 65 жилд цагаан сар ойролцоогоор 1.83 хоногоор (эсвэл 250 жилд 7 хоногоор) хойшлоно гэсэн үг.

          Доорх зурагт 1747–2100 оны хоорондох цагаан сарын шинийн нэгнүүдийг дүрслэв. Эндээс цагаан сар аажмаар хойшилж байгаа нь тодорхой харагдана.          Тухайлбал, Төгсбуянтын тоололд цагаан сар анх удаа 3 сард тохиох явдал 2025/3/1-нд болох юм. Үүнээс хойш энэ зуунд нийтдээ 3 удаа ийм орой цагаан сар болох нь 2044/2/29, 2063/3/1, 2090/3/1-ний өдрүүдэд таарна.

Дэлгэрэнгүйг:

 https://t8m8r.wordpress.com/2017/03/15/leapmonth/

 Хоёр. Сарны арвидал хомсдол/Өдөр тасарч давхарлах/

Тэргэл сар эсвэл битүүн ойролцоогоор 30 хоногийн үечлэлтэй байдгийг хүмүүс эртнээс мэддэг байсан.

Гэвч, жишээ нь, нэг тэргэл сартай шөнөөс эхлээд 30 хоногоор тоолоод явбал хэдэн сарын дараа тэргэл саран дээр буухаа болих ба байн байн 29 хоногоор бас тоолохгүй бол болохгүй нь мэдэгдэнэ.

Орчин үеийн хэмжилтээр тэргэл сарны давталтын нэг үе ойролцоогоор 29 хоног 13 цаг байгаа. Хоног гэдэг маань өнөөдрийн үд дундаас маргаашийн үд дунд хүртэлх хугацаа шүү дээ (Үүнийг «нарны хоног» эсвэл «нарны өдөр» гэнэ).

Тэгэхээр сарны үечлэл яг 29 юм уу 30 хоногтой тэнцүү байх албагүй нь тодорхой. Харин сарны үечлэл яг 30 нэгж байдаг тийм хугацааны шинэ нэгж бид санаанаасаа зохиочихож болно. Төвд-Монгол календарьт сарны өнцөг 12˚-аар (360/24=12) нэмэгдэх хугацааг «билгийн хоног» гэж авдаг.

Тухайлбал, сарны өнцөг 0˚-аас 12˚-ын хооронд байх үеийг тухайн сарын

билгийн 1-ний өдөр, 12˚-аас 24˚-ын хоорондохыг билгийн 2-н гэх мэт явсаар хамгийн сүүлд 348˚-аас 360˚-ын хоорондох хугацааг билгийн 30-ны өдөр гэж нэрлэдэг.

Энд «билгийн өдөр» эсвэл «билгийн хоног» гээч нь нарны өдрөөс арай богинохон, дунджаар 23.6 цаг орчим байдаг болохоор билгийн ба нарны өдрүүд маань хоёр өөр хүний зүрхний цохилт шиг тус тусын хэмнэлийг дагана гэсэн үг.

Мэдээж амьдрал дээр хүмүүс өдөр хоногоо нарны өдрөөр тоолно. Төвд-Монгол календарьт (нарны) өдрийг өглөө нар ургах үеэр (эсвэл өглөөний нэг тогтсон цагт) эхэлдэг гэж үздэг бөгөөд тухайн өдөр эхлэх мөч аль билгийн хоногт хамаарах вэ гэдгээр нь уг өдрийн дугаарын оноодог.

Жишээлбэл, өнөө өглөө өдөр эхлэх мөчид сарны өнцөг 20˚ байсан бол (12 < 20 < 24 учраас) өнөөдөр шинийн 2-н гэж явна. Дунджаар бодоход билгийн хоног нь нарны хоногоос богинохон учраас зарим үед нэг билгийн хоног бүхлээрээ нэг нарны хоногт харъяалагдах тохиолдол гарах ёстой. Жишээ нь, өнөө өглөө сарны өнцөг 11˚ байсан бол өнөөдөр шинийн 1-н гэгдэнэ.

Харин маргааш өглөө сарны өнцөг 25˚ болчихсон байж болно. Өөрөөр хэлбэл «билгийн 2-н» гэдэг билгийн хоног өнөөдөр үд хавьд эхлээд, маргааш өглөө нар гарахаас өмнө ч юм уу дуусчихсан байж болно. Тэгвэл маргааш шууд шинийн 3-н болно гэсэн үг.

Бодит байдал дээр сар маань дэлхийг эллипс замаар тойрдог ба замынхаа хаана байгаагаас хамаараад хөдөлгөөн нь хурдасч удааширч байдаг.

Үүнд сар дэлхийд ойртож ирэх үедээ (улаан шугамын ойролцоо) хамгийн хурдан, холдох үедээ хамгийн удаан байна.

Зарим үед сарны өнцөг «олигтой нэмэгдээгүйгээс» болоод нэг нарны хоног бүхлээрээ нэг билгийн хоногт харъяалагдах тохиолдол ч гардаг.

Жишээлбэл, өнөө өглөө сарны өнцөг 13˚, харин маргааш өглөө 23˚ байжээ гэе. Тэгвэл өнөөдрийг шинийн 2-н гэх ба маргааш өглөө «билгийн 3-н» хараахан эхлээгүй байх болохоор маргааш дахиад шинийн 2-н болох юм.

Зураг дээр ногоон шугамуудаар Улаанбаатарт өглөө болох мөчүүдийг тэмдэглэсэн гэж бодвол, билгийн 25-ны өдөрт нарны нэг хоног бүхлээрээ багтаж байгааг харж болно. Тэгэхээр тухайн сард 25-н гэдэг өдөр давтагдана гэсэн үг.

 Нөгөө талаас, сар дэлхийд ойрхон үед өдөр алгасагдах магадлал их байна.

Дэлгэрэнгүйг:

https://t8m8r.wordpress.com/2017/03/15/moonphase/

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна