Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Жендэрийн Үндэсний хороо, “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэлтэй хамтран “Жендэрийн тэгш байдлыг хангахад сургуулийн удирдлагуудын манлайлал” сэдэвт сургалтыг дүүргийн ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүдэд зохион байгууллаа.
Сургалт нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Боловсролын хууль болон Жендэрийн тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)-ний хэрэгжилтийг хангахад сургуулийн удирдлагуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд татан оролцуулах замаар жендэрт суурилсан хүчирхийлэл, үе тэнгийн дарамт дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг бууруулах, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм. Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Цолмонбаатар сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Жендэрийн тэгш байдлыг хангахад сургуулийн орчин, багшийн өдөр тутмын үйл ажиллагаа, сургуулийн соёл нэн чухал” болохыг онцоллоо.
“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвслийн дэд зохицуулагч Я.Мөнхчимэг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад сургуулийн удирдлагуудын манлайлал”, “Сургуультай холбоотой жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх” агуулгаар сургалт зохион байгуулсан бол Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Залуучуудын хөгжил, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн В.Уранчимэг “Жендэрийн салбар зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд ЕБС-уудын үүрэг, оролцоо” сэдвээр мэдээлэл танилцууллаа.
Сургалтад Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн 20 ЕБС-ийн захирал, сургалтын менежерүүд нийт 80 гаруй оролцогчид хамрагдсан бөгөөд уг сургалтыг Европын холбооны санхүүжилтээр Жендэрийн Үндэсний Хороо хэрэгжүүлж буй “МЕНТОРШИП” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна