2026/01/18

Хувьцааны ногдол ашиг гэх хусмаар хэдий болтол хуурах вэ?

info@inder.mn
4 цаг 1 минутын өмнө

-Үнэт цаасны дансанд “хийцгүйрч хэвтэх” 1072 хувьцааг амь оруулъя-

“2025 оны санхүүгийн үзүүлэлтээр 1072 хувьцааны ногдол ашиг тараахад хүндрэлтэй нөхцөл үүссэн. Иймээс ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргана” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу мэдэгдсэн. Энэ бол цагаан сарын өмнө хувьцааны ногдол ашиг авна гэх иргэдийн хүлээлтийн хариулт.

Өнгөрсөн онд “Эрдэнэс Тавантолгой” ХК улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Мөн Баялгийн санд 397 тэрбум төгрөг хуримтлуулсан байна. Хэдийгээр эдийн засаг, санхүү хэцүүхэн байсан ч олон төсөл хөтөлбөр санхүүжүүлснийг захирлын үүрэг гүйцэтгэгч онцолсон. Тухайлбал, “Тавантолгой түлш” ХХК-д байгуулагдсан цагаас нь хойш 1.5 их наяд гэх мэтээр өнгөрсөн хугацаанд Засгийн газар, УИХ-аас 9.5 их наяд төгрөгийн төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шийдвэр гаргажээ. Энэ онд ч хил дамнасан төмөр замын ажилд 700 тэрбум гээд санхүүжүүлэх бүтээн байгуулалтын төслүүд бийг учирласан.  

Гэхдээ энэ шалтаг биш юм. Иргэд баялгаасаа хувь хүртэх эрхтэй. Гэхдээ хувь хүртэнэ гэдгийг дан ганц бэлэн мөнгөөр ногдол ашиг авахыг хэлсэнгүй.  

Хар алтны үнэ зах зээлд өндөр байхад “нүүрсний хулгай” нүүрлэж, энгийн иргэнд очих байсан өгөөжийг цагаан захтнууд хуу хамсан. Тэд өрмийг нь хамж, ард түмэн хусмыг нь хүртсэн.

Тиймээс жилийн жилд 1072 хувьцааны ногдол ашиг гэж хагас сая хүрэхгүй төгрөгийн асуудал сөхөж, мэтгэлцэж суухаар өгөөж хүртэх өөр шийдэл гарцыг олох цаг болжээ.

Өнөөдөр Монгол Улсын 3.4 сая иргэн төрөөс үнэгүй олгосон 1072 ширхэг хувьцааг эзэмшиж буй. Анх Засгийн газар 2012 оны 04 дүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэж байв. Үүний дараа шинээр төрсөн хүүхдүүд хамрагдсанаар 3.4 сая иргэн компанийн нийт хувьцааны 27 хувийг эзэмших болсон. Хувьцаа гэдэг бол ямар нэгэн компанид хөрөнгө оруулж, орлогоос нь хувь хүртэж ногдол ашиг авах аль эсвэл хөрөнгийн зах зээл дээр арилжаа хийж ашиг олох боломжийг гэрчилсэн үнэт цаас. 

Гэтэл 1072 хувьцааны тухайд ногдол ашгаас өөр үр өгөөж хүртэж үзээгүй, үнэт цаасны дансанд “хийцгүйрч хэвтсээр” өнөөг хүрлээ.

Уг нь "Эрдэнэс Тавантолгой"  ХК-ийг олон нийтэд нээлттэй компани болгож, 3.4 сая иргэн эзэмшдэг 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсан. Үүгээр бол бидний хувьцаа энгийн хувьцаанд шилжсэн, гэхдээ эргэлтэд оруулах эрх хаалттай. Түүнчлэн Засгийн газраас 2024 оны 09 дүгээр сард “ЭТТ" хувьцаат компанийг хөрөнгийн зах зээлд нээлттэй болгож, улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн багаар удирдуулахаар шийдвэрлэж байв. Сүүлд 2025 оны 11 дүгээр сарын 04-нд тус компанийг нээлттэй болгох бэлтгэл ажлын хүрээнд олон улсын хөндлөнгийн аудит оруулахаар шийдвэрлэж, “ЭТТ” ХК-ийн сүүлийн 15 жилд байгуулсан нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг нийтэд ил болгосон билээ.

Үнэхээр тус компанийн засаглал өөр түвшинд хүрч хөрөнгийн биржид нээлттэй болж чадвал хувьцаа эзэмшигч 3.4 сая монголчууд өөрсдийн хувьцааг хөрөнгийн зах зээлд чөлөөтэй арилжих нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэд 1072 хувьцаагаа өмчлөх, өвлүүлэх, арилжих эрхтэй болно. Ингэснээр нэгж хувьцааны үнэ өсөх ч магадлал нэмэгдэнэ. Нөгөө талаас "ЭТТ" ХК нээлттэй болсноор олон нийтэд ил тод буюу хянах боломж нээгдэх юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай, 8.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Ойрын жилүүдэд далд уурхайн бүтээн байгуулалтыг яаравчлан хийх шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд сануулдаг.

Нүүрс үргэлж үнэтэй байхгүй. Үнэтэй байлаа ч манайх шиг улстөр тогтворгүй савлаатай улсаас хөрөнгө оруулагчид дайжиж буйг тоохгүй өнгөрч болохгүй.

Ерөөс өнөөдөр нэг шийдвэр гаргаад тэр нь хэрэгждэггүй хэдэн жил ярьсаар ирсэн хариуцлагагүй, ажил хэрэгч биш байдлыг халахгүй бол монголчууд хэзээ ч 1072 хувьцааныхаа үр өгөөжийг бүрэн дүүрэн хүртэж чадахгүй юм. Нээлттэй болгоно гэсээр хэдэн жил өнгөрөв, нас барсан хүний хувьцааг ар гэрт нь өвлүүлнэ гэж аль 2020 онд л ярьсан, одоо ч ярьсаар. Нээлттэй “ЭТТ”-г удирдах олон улсын менежмэнтийн багийг сонгон шалгаруулах шийдвэр ч жилийн өмнө гараад л таг...

Харин ч бүр дотооддоо гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт дээр ил, далд ашиг сонирхол өрсөлдөө өрнөсөн шиг ээ, мөнөөх улстөрчдийн өөрийн хүнээ томилуулах “цусгүй тулаан” өрнөсөөр.

Чухам эндээс, энэ бүхэнд цэг тавиад өмнөх шийдвэрүүдээ хэрэгжүүлье, УИХ-ын дарга, Ерөнхий сайд аа. Эх орныхоо баялгаас хувь хүртэх монгол хүн бүрт хусам биш өрөм, бодит үр өгөөжийг нь хүргэе. Худал яриа, хоосон амлалтуудаа хойш тавихыг хувьцаа эзэмшигч 3.4 сая иргэн шаардаж байна.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна