2026/03/09

Гэмт хэрэгт холбогдон хилийн чанадад оргон зайлсан Ч.Сайханбилэг, Ж.Мөнхбат нар гэнэт эх орондоо “хайр” зарлаж эхлэв.

info@inder.mn
4 цаг 29 минутын өмнө

Нэгэн цагт эрх мэдлийн зөөлөн суудалд тухлаж, албан тушаалын аархалд автагсад эх орондоо ирж чадахгүй “матрын нулимс” унагах нь улстөрийн шоглоом уу, хувь тавилангийн тоглоом уу.

Монголын төрд УИХ-ын гишүүн, сайд бүр Ерөнхий сайдын албан тушаал хүртэл хашиж, эрх мэдлийн зөөлөн суудалд тухалж байсан ч гэмт хэрэгт холбогдон хилийн чанадад оргон зайлсан эрхмүүд гэнэт эх орондоо “хайр” зарлаж эхлэв. Түрүүчээсээ Монголдоо ч ирж байна.

Тухайлбал, нүүрсний хулгайн хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат эх орондоо ирж, намынхаа Бага хуралд хээв нэг сууж олны анхаарлыг татав. Жилийн өмнө прокурорын байгууллагаас оргон зайлсан гэх үндэслэлээр эрэн сурвалжлагдаж байсан түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хилийн хориг тавьжээ.

Үүний араас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Лхагвын тойм”-д 3 цаг гаруй ярилцлага өгч, Монголд ирэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлав. Ерөнхийлөгч асны сүрдүүлэг, ирмэгц нь шоронд барьж хорьж, амь нас нь хохирч магадгүй байгаа тул эх орноо санасан ч ирж чадахгүй байгаа гэж “матрын нулимс” унагалаа.

Эргэн сануулахад, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Ерөнхий сайдын алба хашиж байсан Ч.Сайханбилэг 2018 оны 04 дүгээр сарын 10-нд цагдан хоригдож, АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараа 2019 оны 08 дугаар сард Монголоос явж, 7 жилийн турш АНУ-д бүгсэн. 2020 оноос түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байсан ч хачирхалтай нь 2025 онд жагсаалтаас хасагдсан байдаг.

Ч.Сайханбилэг “Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын давуу байдал үзүүлсэн, “Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Засгийн газар дангаар шийдсэн” үндэслэлээр яллагдагчаар татагдсан билээ.  Тодруулбал, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллахдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг “Монголын Зэс” корпорацид худалдахдаа УИХ-аар хэлэлцүүлээгүй, 4.4 тэрбум ам.долларын өртөгтэй, Дубайн гэрээг байгуулахдаа “Оюутолгой”-гоос Монголын талын хүртэх ашгийг 2037 он хүртэл хойшлуулсан хэрэгт буруутгагдсан байдаг.

“Монголын төр зүтгэсэн хүндээ халтай” гэлцдэг. Үнэхээр ийм жишээ олныг дурдаж болно. Гэхдээ Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд энэ үг хэтийднэ, түүний үйлдэлд зохихгүй. Харин ч эсрэгээгээ тэр зүтгэсэн төрдөө халтай байв уу гэдэг асуулт гарч ирж буй.

Ярилцлагадаа “бүх өмч хөрөнгөө зарж, амьдарч байна” гэсэн хэдий ч Ч.Сайханбилэг Америкт үнэтэй хотхонд амьдарч, "Amsterdam and Partners" гэх алдартай хуулийн фирмээр өмгөөлүүлж байгаа талаар мэдээлэл бий. Мөн Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалтыг хийх компанийн сонгон шалгаруулалтад ялсан "Jacobs Engineering" компани түүнийг санхүүжүүлж, тэнд тансаг амьдруулж байгаа талаар ч яригддаг.

Хэрэв үнэхээр өөрийнх нь ярьсан шиг, өөрийгөө өмгөөлж байгаа шиг гэм буруугүй юм бол эх орондоо ирж хуулийн өмнө үгээ хэлж, тайлбар мэдүүлгээ өгөх ёстой. Бүхэл бүтэн 7 жил хилийн чанадад бүгчихээд гэнэт гарч ирж би эх оронч байсан гэх нь хэнд ч итгэл үнэмшил төрүүлэхгүй.

Хэдий олон нийт талцаж, нэг хэсэг нь түүнийг өмөөрч, нэг хэсэг нь буруутгаж байгаа ч Монгол хуультай орон. Хэн нэг Ерөнхийлөгч асны сүрдүүлгээс эмээж эх орондоо хуулийн өмнө ирж чадахгүй байна гэдэг яагаад ч худлаа сонсогдоод байна.


 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна