2026/03/09

Зэс эрдэнийн хувь ХХК-ийн хувьцаа эзэмшигчид: Сайд Э.Бат-Амгалан хууль хяналтын байгууллагад нөлөөлж байна

info@inder.mn
3 цаг 46 минутын өмнө

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.


Өнгөрөгч сард Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарыг Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл овоолго ашигладаг “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид 30 орчим тэрбум төгрөг шамшигдуулсан гэж үзэн АТГ-т өгсөн.

Түүнийг албан тушаалаа ашиглан мөнгө угааж, улс төрийн санхүүжилтээ болгодог гэж үзэн гомдол гаргажээ.  

Тэгвэл тэд энэ удаа төрийн сайд хүн ард иргэдээ тонон дээрэмдсэн асуудалд хариуцлага хүлэээлгэхийг шаардан жагсаал зохион байгуулж, шаардлага хүргүүллээ.


Жагсагчид шаардлагад хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ.

“Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн түр хорооны дарга н.Дөлгөөнтамир: “Өнөөдрийн байдлаар АТГ-аас ямар нэг хариу ирсэнгүй. Тиймээс бид Барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд албан бичиг хүргүүлж байна.

 “Зэс эрдэнийн хувь” ХХК нь 2021 оноос катодын зэс боловсруулах үйлдвэртэй болсон. 2023 онд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн.

Холбогдох албан тушаалтнууд 2021 оноос хөрөнгө оруулалт, зээл нэрээр халхавчлан, ноцтой төөрөгдөлд оруулж, холбогдох гэрээ байгуулсан боловч уг хөрөнгө оруулалтын эх үүсвэр маргаантай, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал үүссэн.

Түүнчлэн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийг зөрчсөн зэрэг асуудлын хүрээнд холбогдох хууль хяналтын байгуулллагад гомдол гаргасан. Бид хохирогч байтал нөгөө талаас хууль хяналтын байгууллагад илтэд нөлөөлж, үйлдвэрийг хэвийн ажиллах нөхцөлгүй болгож байна.

Үйлдвэрийн ажилчдыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэргээр байнга дарамталж байна.

Үүнд улстөрийн нөлөө бүхий хүний оролцоо бий.

Санхүүгийн луйварын улмаас компанийг 30 орчим тэрбум төгрөгийн НӨАТ-ын нэмэгдсэн өртгийн албан татварын өрөнд оруулж, сүүлийн хоёр жил хувьцаа эзэмшигчид ноогдол ашиг авах боломжгүй болсон. Сайд Э.Бат-Амгаланг олон түмэнд өргөсөн тангарагтаа үнэнч ажиллахыг шаардаж байна.

 Э.Бат-Амгалан дүү Э.Батбаяраа хуулиар шалгуулах, хянуулах боломжийг хүлээн зөвшөөрөөч” гэлээ.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна