2026/03/10

ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМЫН 26 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

info@inder.mn
3 цаг 58 минутын өмнө

Өнөөдөр Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ын үүсгэн байгуулагдсаны 26 жилийн ойн баярын хурал ёслол төгөлдөр болж, удирдлагууд, намын гишүүд, ахмад зүтгэлтнүүд, нийгмийн манлайлагчид, залуучуудын төлөөлөл өргөнөөр оролцлоо

.

Баярын хурлыг нээж ИЗНН-ын дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Тогтвортой хөгжил, ногоон ирээдүй” болон “Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр үндсэн илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ Монгол Улсын хөгжлийн цаашдын чиг хандлага нь ногоон хөгжил, байгальд ээлтэй эдийн засаг, иргэдийн оролцоонд тулгуурласан шударга засаглал байх ёстойг онцлон тэмдэглэж, ИЗНН нь Монголын улс төрд ногоон үзэл санааг тууштай төлөөлж ирсэн цорын ганц нам болохыг дурдлаа.

Мөн тэрбээр дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, нийгмийн тэгш бус байдал зэрэг сорилтууд нэмэгдэж буй энэ үед Монгол Улс тогтвортой хөгжлийн бодлогоо илүү эрчимжүүлж, байгаль хамгаалал, ногоон эдийн засаг, иргэний оролцоог бодит ажил болгох шаардлагатай байгааг онцолсон юм. ИЗНН цаашид ногоон хөгжил, шударга нийгэм, иргэний эрх чөлөөг дээдэлсэн бодлогыг тууштай хэрэгжүүлэхийн төлөө ажиллана гэдгийг тэрбээр илэрхийллээ.


Баярын хурлын үеэр Монгол Улсад ногоон хөгжил, иргэний нийгмийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад гишүүд, нийгмийн манлайлагчдыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, намын дээд шагнал болох “Хатан зориг” одон, мөн “Иргэний зориг” медаль-иар нэр бүхий хүмүүсийг шагнаж, тэдний олон жилийн хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн алдаршуулсан юм.

Түүнчлэн энэ удаагийн ойг тохиолдуулан намын үзэл баримтлал, бодлого, ногоон хөгжлийн үнэт зүйлсийг иргэд олон нийтэд таниулан сурталчлах ажлыг идэвхтэй зохион байгуулж, шинээр 300 залуу гишүүн намд элсэж, ИЗНН-ын хүрээ тэлснийг баярын хурлын үеэр онцлон тэмдэглэлээ. Энэ нь ногоон үзэл санаа, хариуцлагатай хөгжил, иргэний оролцоог дэмжсэн улс төрийн шинэ үеийн залуус нэмэгдэж байгааг илтгэж байна гэж намын удирдлагууд онцлов.

Ийнхүү Иргэний Зориг Ногоон Нам байгуулагдсанаасаа хойш 26 жилийн хугацаанд Монголын улс төрийн орчинд иргэний ардчилал, ногоон хөгжлийн үзэл санаа, шударга ёсны үнэт зүйлсийг тууштай дэвшүүлэн ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч тогтвортой хөгжил, байгальд ээлтэй бодлого, иргэдийн оролцоонд суурилсан засаглалыг бэхжүүлэхэд чиглэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ баярын хурлын үеэр онцлон тэмдэглэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна