ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзан, Замын-Үүд-Эрээн боомтын үйл ажиллагааны талаар ярилцав.
Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх шуурхай штабаас гаргасан Эрээн боомтоор чингэлэгт ачаагүй импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй гэсэн шийдвэрийн талаар Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тодруулахад Элчин сайд Цай Вэньруй энэ талаар албан ёсоор мэдээлэл аваагүй байна гээд, төвийн болон орон нутгийн байгууллагуудаасаа мэдээлэл авч шуурхай хариу өгөхөө хэлжээ.
Сүүлийн өдрүүдэд ӨМӨЗО-ны Манжуур хотод ковид 19-ийн тохиолдол олноор бүртгэгдсэн, дэлхийн зарим улсад вирусын шинэ хувилбар илэрсэнтэй холбогдуулан БНХАУ-ын холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг сайжруулах арга хэмжээ авч буйг Элчин сайд хэлсэн байна.
Төрийн нарийн бичгийн дарга, Элчин сайд нар Замын-Үүд-Эрээн боомт хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг солилцох байдлаар зохион байгуулах хоёр талын бэлтгэл ажлын явцын талаар санал солилцож, тээвэрлэлтийг аль болох эрт эхлүүлэхээр хоёр талын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна