2024/05/18

Элчин сайд Ө.Батбаяр Америк-Монголын парламентийн бүлгийг даргалагч Дон Янгтай уулзжээ

info@inder.mn
2021/12/15

Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ө.Батбаяр АНУ-ын Конгресийн гишүүн, Америк - Монголын парламентийн бүлгийн хамтран даргалагч Дон Янгтай уулзжээ. Тус бүлгийг Бүгд найрамдах болон Ардчилсан намын төлөөллөөс хамтран даргалагч сонгодог бөгөөд Аляскаас сонгогдсон гишүүн Дон Янг Бүгд Найрамдах намын төлөөлөл аж. Тэрбээр Конгресийн гишүүнээр сонгогдон 50 жил ажиллаж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ АНУ-ын түүхэнд зургаадугаарт эрэмбэлэгдэж буй эрхэм аж.

“Конгресийн гишүүн Дон Янг албан тасалгаагаа бүр туслах, зөвлөхүүд болон уулзалтын өрөөгөө хүртэл агнасан амьтдынхаа чихмэлээр тохижуулсан нь музейд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Костюм дээр ковбой гутал өмссөн туслах залуу нь гутлаа бизоны арьсаар хийсэн юм хэмээн хүүрнэж суух. Товчхондоо хэлбэрээс илүү агуулга нь чухал ард түмэн юм даа.

 

Монголд элэгтэй, манай улсын олон асуудлуудад дэмжиж туслаж ирсэн энэ эрхэмтэй хамтран ажиллах олон зүйлийг ярилцаж, эхнээс нь ажил хэрэг болгохоор тохирлоо” хэмээн Элчин сайд Ө.Батбаяр цахим хуудаснаа сэтгэгдлээ үлдээжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна