Берлинд төвтэй олон улсын “Транспаренси Интернэшнл" байгууллагаас 2021 оны “Авлигын төсөөллийн индекс”-ийг танилцууллаа.
2021 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс харахад, нийт улс орны 70 гаруй хувь нь 50-иас доош оноо авсан байна. Ази номхон далайн бүс нутгийн улсуудын 77 хувийн оноо нь буурсан дүр зураг харагдаж байгаа талаар мэдээллийн эхэнд албаныхан онцоллоо.
“Транспаренси Интернэшнл" олон улсын байгууллагаас иргэний эрх чөлөөг зөрчдөг улс орнуудын авлигын индекс тогтмол доогуур оноо авсан байгааг тогтоосон байна. Тус байгууллагын ТУЗ-ын дарга Дэла Фэрраира Рубио 2021 оны авлигын төсөөллийг индексийг дүгнэж хэлэхдээ “Эрх мэдэлтнүүдийн хандлага нь бие даасан хяналт, тэнцвэрийг үгүй хийж, авлигатай тэмцэх ажлыг элитүүдийн хүсэлтээс хамааралтай болгодог” гэжээ.
Энэ жил “Транспаренси Интернэшнл” байгууллага улс орнуудын сүүлийн арван жилийн авлигын индексийг харьцуулан гаргасан байна. Уг судалгаанаас харахад, Монгол Улс 2015 онд хамгийн дээд оноо буюу 39 оноо авч байжээ. Сүүлийн гурван жил дараалан 35 оноотой байна. Энэ жил ч мөн энэ оноо өөрчлөгдөөгүй аж. Ингэснээр манай улс авлигын индексээр 110-т жагсаж буй. Энэ нь 2019 оноос таван байраар ухарсан үзүүлэлт юм. Тус онд 35 оноо авч 105 байранд жагсаж байсан. Харин өнгөрсөн жилийнхээс нэг байраар дэвшжээ.
Харин БНХАУ 2014 оноос хойш есөн оноогоор нэмэгдүүлж, авлигатай тэмцэж байна. Зөвхөн БНХАУ бус дэлхий дахинд сүүлийн арван жилийн хугацаанд дэлхийн ихэнх улс авлигын эсрэг эрчимтэй тэмцэж байгаа талаар “Транспаренси Интернэшнл” байгууллагын төлөөлөл онцоллоо.
Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш тооцоолон гаргаж байгаа. Ингэхдээ 3-16 эх сурвалжийг ашигладаг аж. Өнгөрсөн цар тахлын улмаас жил 12 эх сурвалж ашигласан байна. Харин манай улс хамгийн ихдээ есөн эх сурвалж ашиглаж байжээ. Өнгөрсөн жилийн тухайд наймыг ашигласан аж.
Авлигын индексээр улсын төсвийн мөнгийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхийг болон төрийн нийтийн алба хаагч албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа үгүйг үнэлдэг. Түүнчлэн хүнд суртал, төрийн алба хаагчдын ур чадвар, сонгон шалгаруулалт, авлигын хэрэгт холбогдсон төрийн алба хаагчид ямар хариуцлага хүлээж байгааг харгалздаг юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна