2024/11/23

Италид Муссолинийг дэмжигчид Фашист хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэжээ

info@inder.mn
2022/10/31

Нийтдээ 2,000 орчим хүн өчигдөр Италийн дарангуйлагч агсан Бенито Муссолинигийн төрсөн хотод “Ромын марш” хэмээх түүхэн үйл явдлын 100 жилийн ойг тэмдэглэжээ.

1922 болсон энэ үйл явдлын үр дүнд Итали улсад фашист дэглэм тогтож байсан юм.

Эмилиа-Романиа нутгийн Предаппио хот бол Муссолинигийн төрсөн газар бөгөөд түүний болон гэр бүлийнхнийх нь оршуулгын газар энд байдаг.

Муссолинигийн бунханд жил бүр олон арван мянган хүн зочилдог уламжлалтай. Гэхдээ энэ удаагийн үйл явдалд оролцогчид Италийн шинэ засгийн газрыг дэмжихээ илэрхийлж байснаараа онцлог болжээ.

Саяхан Итали улсын ерөнхий сайдаар Жоржиа Мелони томилогдсон нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тус улсыг удирдах болсон хамгийн эрс тэс барууны үзэлтэй улс төрч юм.

Цуглаанд оролцогчид Муссолинигийн бэлгэдэл болсон алдарт хар дүрэмт хувцсыг өмсөж, зарим нь фашист ёсолгоо үйлдэж байжээ.

“100 жилийн дараах энэ үйл явдал түүнийг хүмүүс хүндэлсээр байгаагийн илрэл юм” гэж дарангуйлагч агсны үр удам Орсола Муссолини энэ үеэр хэлжээ.

Тэрбээр өөрийн дүү Витториатай энэ арга хэмжээнд оролцсон юм. 1922 оны аравдугаар сарын 28-ны өдөр Муссолинигийн удирдсан зэвсэгт бүлэг Италийн нийслэл Ром хотод орж ирснээр фашист дэглэм тогтож байжээ.

Тэрбээр 1945 оны дөрөвдүгээр сард партизануудад цаазлуулсан юм.

Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн “Италийн ахан дүүс” нам өнгөрсөн сард болсон сонгуульд ялалт байгуулж, засгийн эрхийг барих боломжтой болсон.

Тус нам Муссолинигийн дэглэмийн үед байгуулагдсан түүхтэй. Гэхдээ Мелони намынхаа фашист уг гаралтай холбогдохоос зайлсхийж, илүү дэвшилтэт бодлого, байр суурь баримталж байгаа.

Итали улсад фашист үзэл суртлыг хуулиар хориглодог ч хэрэгжилт сул байдаг. Одоог хүртэл байшин барилгын хана туурган дээр Муссолинигийн нэрийг сийлж, зарим төрийн байгууллагуудад хөргийг нь залсан байдаг.

 

Эх сурвалж: AFP

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна