АНУ-ын бэлтгэсэн Афганистаны тусгай хүчний дайчдыг Украинд байлдуулахаар Оросын тал элсүүлж эхэлсэн тухай баримтыг Foreign Policy сайт мэдээлжээ.
2021 оны наймдугаар сард Талибаны дэглэм Афганистанд тогтоход тус улсын үндэсний армийн элит хүчний дайчид эзэнгүй болж, үлдсэн юм.
Харин одоо тэдэнтэй WhatsApp, Signal мессэнжэрээр Оросын талаас холбогдож, Украинд хөлсөөр байлдуулах санал тавьж эхэлсэн тухай эх сурвалж мэдээлжээ.
Талибаны дэглэмийн дор хүнд хэцүү амьдрал туулж, ажилгүй болсон тусгай хүчнийхнээс 10,000 хүртэл хүн Оросын тавьсан саналыг хүлээж авч болзошгүй гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
“Тэд эх оронгүй, ажилгүй, ирээдүйгүй болсон тул алдах зүйл байхгүй” гэж нэгэн цэргийн мэргэжилтэн ярьжээ.
Элсүүлэх ажиллагааг Оросын хувийн батлан хамгаалах байгууллага Вагнер Групп зохион байгуулж байгаа гэсэн мэдээлэл ирж байна.
Талибаны дэглэм тогтсоны дараа Афганистаны тусгай хүчний дайчдаас нэлээд хэсэг нь гадаад орнууд руу дүрвэсэн ч ихэнх нь эх орондоо үлдсэн гэсэн мэдээлэл бий.
Вагнер Группийнхэн Ираны нийслэл Тегеран хотод элсүүлэх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн байна. Тэд Афганы экс дайчдад Украинд тулалдах нөхцөлтэйгөөр ОХУ-ын иргэний харьяалал амлаж байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Гэвч тэдний зарим нь ОХУ-ыг Афганистаныг 1979 онд эзэлж байсан дайсан улс гэж үздэг тул тавьсан саналаас нь татгалзаж байгаа гэнэ.
Афганистаны үндэсний армийн тусгай хүч 20,000-30,000 орчим бие бүрэлдэхүүнтэй байжээ. Тэднийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүч, Их Британийн тусгай хүчнийхэн сургаж байсан юм.
Хэдийгээр Афганистаны өмнөх засгийн газрын ерөнхий армийн чадавх мууд тооцогддог ч тусгай хүчний дайчдын бэлтгэл өндөр түвшинд байсан тухай Афганы аюулаас хамгаалах албаны ажилтан асан ярьжээ.
Эх сурвалж: Business Insider
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна