ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өчигдөр Украины Херсон хотоос ухарч, Днепр мөрний зүүн эрэгт хориглох байрлалд шилжих тушаалыг цэргийн анги нэгтгэлүүддээ өгсөн байна.
Энэ тушаал нь есөн сар орчим хугацаанд үргэлжилж буй Украины дайны эргэлтийн цэг, Оросын армийн хамгийн том ухралт байж болзошгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Херсон хот дахь цэргийн анги нэгтгэлүүдэд хангамж хүргэх ямар ч боломжгүй болсныг өчигдөр Украины дайны ерөнхий командлагч, генерал Сергей Суровикин батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд тайлагнаж буйг Оросын төв телевиз харуулжээ.
“Одоогийн нөхцөл байдлыг бүх талаас нь үнэлж үзээд Днепр мөрний зүүн эрэг дагуу хориглон хамгаалах байрлалд шилжих санал дэвшүүлж байна. Энэ нь маш хэцүү шийдвэр гэдгийг би ойлгож байна. Гэхдээ нөгөө талаас бид хамгийн чухал зүйл болох цэргийн алба хаагчдынхаа амь нас, цэргийн бүлэглэлийн байлдааны үр нөлөөг хадгалж үлдэх шаардлагатай. Баруун эргийн хязгаарлагдмал газар нутагт үргэлжлүүлэн тулалдах нь утга учиргүй болоод байна” гэж Суровикин газрын зураг дээр тайлбарлан ярьж буйг үзүүлсэн юм.
Сүүлийн сар орчим хугацаанд Украины зэвсэгт хүчин Херсон хотын чиглэлд давшиж байгаа ба өнгөрсөн хугацаанд Оросын тал Херсон хотын 100,000 гаруй оршин суугчийг эзлэгдсэн нутгийн гүн рүү нүүлгэн шилжүүлээд байна.
Херсон хот бол Херсон мужийн төв бөгөөд Оросын цэргийн хяналтад байсан Украины хамгийн том хот, цорын ганц мужийн төв юм.
Есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эзлэгдсэн дөрвөн мужийг бүрэлдэхүүндээ нэгтгэх шийдвэр гаргасны нэг нь Херсон байв.
Шойгу генерал Суровикинд “Би таны санал дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Бидэнд Оросын цэргийн алба хаагчдын амь нас хамгаас чухал. Бид бас энгийн иргэдийн аюулгүй байдлыг бодолцох ёстой. Цэргүүдээ татаж, хүн хүч, зэвсэг техникээ Днепр мөрнийг аюулгүй гатлуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгож байна” гэж хэлжээ.
Харин Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк хотоос Оросын цэрэг ухрах ямар нэг шинж тэмдэг одоогоор ажиглагдахгүй байгааг мэдээлсэн байна.
“Оросын цэрэг Херсон хотоос байлдалгүйгээр ухрах шинж тэмдэг бидэнд харагдахгүй байна” гэж твиттер хуудсандаа бичсэн тэрбээр Шойгугийн тушаалыг заль мэх, телевизийн камерын өмнө тавьсан жүжиг байж болзошгүйг анхааруулжээ.
Дайны сэдвээр бичдэг Оросын блогчид дээрх шийдвэрийг гашуудан хүлээж авснаа илэрхийлцгээж байна.
“Бичихэд маш их хэцүү байгаа ч бид хотыг орхихоос өөр аргагүй болжээ. Энгийн үгээр хэлбэл Херсон хот бидний хяналтаас гарлаа. Тиймээ, энэ бол Оросын арми, Орос орны түүхэнд хараар бичигдэх хуудас. Эмгэнэлтэй хуудас” гэж Телеграм сүлжээнд 1.3 сая дагагчтай WarGonzo блогийн эзэн бичжээ.
Өчигдөр болсон бас нэг үйл явдал нь Москвагаас Херсонд томилогдсон дээрээсээ хоёр дахь өндөр албан тушаалтан болох Кирилл Стремоусов авто машины ослоор амиа алдсан хэрэг юм.
Тэрбээр Украины эзлэгдсэн газар нутгийг гадаад ертөнцөд төлөөлдөг гол хүмүүсийн нэг байв. Киевийн эрх баригчид түүнийг урвагч гэж үздэг байсан юм.
Нас барахаасаа хэдхэн цагийн өмнө Стремоусов өмнөд фронтын нөхцөл байдал Оросын армийн бүрэн хяналтад байгааг мэдээлж, Украины “нацистууд”-ыг хурцаар шүүмжилж байжээ.
Эх сурвалж: Reuters
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна