2024/11/23

Туркийн Истанбул хотод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 6 хүний амь үрэгдэж, олон арван хүн шархдав

info@inder.mn
2022/11/14

Ням гарагийн орой Туркийн Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амь үрэгдэж, 53 хүн шархаджээ.

Таксим талбай хүрдэг худалдаа үйлчилгээний томоохон гудамж Истиклалд энэхүү дэлбэрэлт болсон байна.

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган халдлага үйлдсэн этгээдүүдийг олж шийтгэхээ амлажээ.

Халдлагыг хэн үйлдсэн нь тодорхой болоогүй байгаа ч Эрдоган үүнээс “терроризмын үнэр” ханхалж буйг мэдэгдэлдээ дурдсан байна. Дэлхийн хэд хэдэн улс орон Туркийн эрх баригчдад эмгэнэл илэрхийлжээ.

2015-2017 оны хооронд Турк улсад дараалсан дэлбэрэлтүүд болсны улмаас нийтдээ 500 гаруй жирийн иргэн, хууль сахиулах албаныхан алагдаж байв.

Эдгээрийн заримыг Исламын Улс террорист байгууллага, заримыг нь Курдийн зэвсэгт бүлэглэл үйлдэж байжээ. Тус улсын зүүн өмнөд хэсэгт оршин суудаг Курд үндэстнүүд олон арван жилийн турш өөртөө засах илүү их эрх олж авах, цаашлаад тусгаар тогтнохын төлөө Туркийн засгийн газрын эсрэг тэмцэл явуулж байгаа.

Уг хөдөлгөөнийг удирддаг улс төрийн хүчнийг Анкарагийн эрх баригчид хууль бус террорист байгууллага гэж үздэг юм.

Нутаг дэвсгэрт нь болсон олон удаагийн террорист халдлагын дараа Турк улсын арми Курд үндэстнүүд оршин суудаг Сири, Иракийн хойд бүс нутагт цэргийн ажиллагаа явуулахаар нэвтэрч байв.

 

Эх сурвалж: Associated Press



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна