Өрнөд Африкийн Гана улсын засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүнийг ам.доллараар биш алтаар худалдан авах шинэ журмыг боловсруулж байна гэж дэд Ерөнхийлөгч Махамуду Бавумиа мэдэгджээ. Энэхүү арга хэмжээ нь газрын тос импортлогчдын ам.долларын эрэлтийг зохицуулах, дотоодын мөнгөн тэмдэгт седи суларч, амьжиргааны өртгийг нэмэгдүүлж байгаа болон гадаад валютын нөөц багасахтай тэмцэх зорилготой аж.
Ганын гадаад валютын нөөц нь энэ оны есдүгээр сарын байдлаар 6.6 тэрбум ам.доллар байгаа нь гурав хүрэхгүй сарын импортын хэмжээтэй тэнцэж байгаа аж. Валютын нөөц өнгөрсөн жилийн сүүлд 9.7 тэрбум ам.доллар орчим байжээ.
Шинэ журмыг 2023 оны нэгдүгээр улирлаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд алтаар худалдаа хийснээр шатахуун болон бусад барааны үнэд валютын ханшийн хэлбэлзэл нөлөөлөх нөлөө нь багасна гэж тооцсон байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортыг алтаар бартердсанаар дотоодын худалдан авагчдад гадаад валютын хэрэгцээ шаардлага буурна гэж үзжээ.
Алтаар наймаа хийх нь ховор үзэгдэл аж. Улс орнууд заримдаа газрын тосоо өөр бараа, түүхий эдээр худалдаалдаг. Ийм хэлцэл нь голдуу газрын тосны бус барааг газрын тос үйлдвэрлэдэг улс оронд худалдан авах зарчмаар явагддаг байна. Гана нь түүхий нефть олборлодог боловч 2017 оны дэлбэрэлтийн дараа газрын тос боловсруулах үйлдвэр нь хаагдсанаар импортын бүтээгдэхүүнээс хамааралтай болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна