2024/04/26

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчийг хүлээн авч уулзав

info@inder.mn
2023/02/15

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал эрхэлсэн зохицуулагч Игли Хасаниг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр авлигатай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Авлигатай тэмцэх газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулан ярилцаж, талууд цаашид авлигаас урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг хянан шалгах болон авлигын гэмт хэрэг мөрдөн шалгах чиг үүрэгтэй албан хаагчдыг сургах, чадавхийг сайжруулах, гадаад улсаас хөрөнгө буцаах чиглэлд харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцов. 

Авлигатай тэмцэх газар нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай 2016 оноос хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 2016 оны 12 дугаар сард “Судалгаа, шинжилгээний орчин үеийн аргууд”, 2017 оны 5 дугаар сард “Авлигаас урьдчилан сэргийлэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа”, 2017 оны 9 дүгээр сард “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь”, 2018 оны 4 дүгээр сард “Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага” сэдэвт сургалтуудыг дотоодын хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг хамруулан зохион байгуулсан. Мөн Авлигатай тэмцэх газрын удирдлага, албан хаагчид Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас зохион байгуулдаг олон улсын хурал арга хэмжээнүүдэд тогтмол оролцож ирсэн юм.

Тус байгууллагаас эрхлэн гаргасан “Авлигатай тэмцэх гарын авлага”-ыг Авлигатай тэмцэх газраас 2018 онд монгол хэлнээ хөрвүүлэн хэвлүүлж, манай улсын хууль сахиулах байгууллагын ажилтнуудын хүртээл болгоод байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна