2024/11/25

Инфографик: “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга

info@inder.mn
Өчигдөр 10 цаг 29 минут

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ  удаа “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 1 дүгээр хавсралтын 3.6.6-д “Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд тулгуурлан бүсчилсэн хөгжлийн бодлого, бүс нутгийн оновчтой бүтэц, хөгжлийн ирээдүйтэй сууринг тодорхойлж, орон зайн төлөвлөлтийг хийх” гэж, мөн оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хавсралтын 3.7.5-д “Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулна” гэж, мөн оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын “Алсын хараа-2050” баримт бичгийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан зорилтын I үе шатны 8.2.3-т “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж, II үе шатны 8.2.3-т “Шинэ нийслэлд төрийн захиргааны болон зарим нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэх ажлуудыг эхлүүлсэн байна” гэж, III үе шатны 8.2.2-т “Шинэ нийслэлийг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч хот болгоно” гэж тусгасан.

УИХ-ын дээрх шийдвэрүүдийн дагуу “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” УИХ-ын тогтоол батлагдсан нь Их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь бурхны шашны бэлэг тэмдэг болсон Эрдэнэзуу, Төвхөн, Шанхын хүрээ зэрэг олон хот суурин газруудыг байгуулж байсан түүхтэй Орхон голын сав газар, Орхоны хөндийг сонгож хүн амын суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилготой “Шинэ Хархорум” хотыг байгуулах түүхэн ач холбогдолтой шийдвэр гарч байна.

Тогтоолд Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоох, холбогдох хууль тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, “Шинэ Хархорум” хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төсөвлөн үе шаттайгаар авч хэрэгжүүлэх асуудлыг тусгасан.

УИХ-ын Тамгын газар 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна