Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс чанамлын “Еден” ХХК-д ажиллалаа.
Тус компани 80 гаруй ажилтантай. 20 орчим төрлийн жимсний чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэн 5,000 гаруй худалдааны цэгээр дамжуулан борлуулдаг. Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Ховд аймагт 300 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй.
Үйлдвэр нь хоногт 20,000-25,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ирэх зургаадугаар сард шинэ шугам ашиглалтад оруулж үйлдвэрлэлээ өргөтгөх юм байна.
Цаашид жимс, ногоо боловсруулах шинэ үйлдвэр, 648 мв.кв талбай бүхий гүн хөлдөөх, 837 м.кв талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулах барьж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд жимс тариалах жишиг аж ахуй байгуулахаар төлөвлөжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд урт хугацаатай, хүү багатай зээл олгож, гаалийн албан татвар болон НӨАТ-ын чөлөөлөлт, хөнгөлөлт үзүүлж байгаа нь үйлдвэрлэлээ тасралтгүй явуулах, хүчин чадлаа нэмэх том боломж, дэмжлэг гэдгийг “Еден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Хүрэлбаатар хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Cheese Republic Mongolia” ХХК-д ажиллаж бяслаг үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Энэ үеэр “Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн аж ахуйн нэгжүүд болон иргэд бүтээгдэхүүнээ танилцууллаа.
Монголчууд дотооддоо 150-160 тонн бяслаг үйлдвэрлэж, импортоор 3,000 тн бяслаг авдаг гэсэн судалгаа байдаг. Бяслаг үйлдэрлэгчид юуны өмнө үйлдвэрлэлийн технологи, бүтээгдэхүүний чанарын шаардлагыг олон улсын түвшинд хүргэх, өрсөлдөх чадвараа сайжруулахыг зорьж байна.
Энэ чиглэлээр төр, засгаас санхүү, хөрөнгө оруулалт, татвар гээд бүх талын дэмжлэг үзүүлбэл ойрын жилүүдэд Монголын гэсэн өвөрмөц онцлогтой бяслагаар дотоодын хэрэгцээгээ хангаж, улмаар экспортод гаргах бүрэн боломжтойг “Монголын мэргэшсэн бяслаг үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Я.Энхээ хэлэв.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд арилжааны 10 банк жилийн 3-5 хувийн хүүтэй, 3-5 жилийн хугацаатай, нийт нэг их наяд төгрөг хүртэл төгрөгийн зээл олгохоор аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг нь хүлээн авч судалж байна.
Барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй аж ахуйн нэгжүүдэд Зээлийн батлан даалтын сан зээлийнх нь 60 хүртэл хувьд баталгаа гаргах юм.
Мөн жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөөд байна.
Түүнчлэн хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлсөн.
Үүнд нэмүү өртөг шингэсэн нэхмэл, арьс шир, ноос, ноолуур, сүлжмэл, оёмол, сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, ундаа, давс, мах, хиам, хүнсний ногоо, гурил, талх, нарийн боов, ургамлын тос, сав, баглаа, боодол, хаяг шошго, тавилга, модон эдлэл үйлдвэрлэх, боловсруулах болон шувуу, зөгийн аж ахуйн тоног төхөөрөмжүүд багтаж байна.
Нийтэлсэн: Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна