2024/11/23

ХБНГУ цөмийн эрчим хүчнээс татгалзах бодлогын хүрээнд бүх атомын цахилгаан станцаа унтраав

info@inder.mn
2023/04/16

Германы эрх баригчид ажиллагаатай байсан сүүлийн гурван атомын цахилгаан станцыг урьд шөнө сүлжээнээс салгажээ. Бавари, Баден-Вюртембург, Доод Саксон дахь цөмийн реакторуудыг унтрааснаар Германд 60 гаруй жил үргэлжилсэн цөмийн эрчим хүчний эрин үе төгсгөл болж байна гэж “Дойче велле” мэдээлжээ.

Атомын эрчим хүчийг эсэргүүцэгчид энэ түүхэн алхмыг Берлин болон бусад хотод жагсаал хийж тэмдэглэжээ. Тэдэнтэй зэрэгцээд АЦС-уудыг хаахыг эсэргүүцэгчид ч бас гудамжинд гарч жагссан байна. Атомын эрчим хүчнээс аажмаар татгалзах шийдвэр Германд нэлээд эрт гарсан боловч энэ нь зөв буруу эсэх дээр өнөө хэр маргаантай байна. Атомын эрчим хүчнээс татгалзсанаар Герман улс илүү аюулгүй болно гэж тус улсын Байгаль орчин, цөмийн аюулгүй байдлын сайд Штеффе Лемке үзэж байна. “90-ийн холбоо/Ногоонтнууд” намын энэ улстөрч, “Осол аваар гарах нөхцөлд цөмийн эрчим хүчтэй холбоотой эрсдэлүүдийг хянах аргагүй” гэж ДПА агентлагт ярьж байжээ. Ногоон намын удирдагчдын нэг Рикарда Ланга цөмийн эрчим хүчнээс гарснаар “сэргээгдэх эрчим хүчний эрин үе рүү эргэлт буцалтгүй дэвшин орж байгаа хэрэг” гэж “Твиттер”-тээ бичжээ. Харин засгийн газрын эвсэлд багтдаг Германы Чөлөөт ардчилагчид намын ерөнхий нарийн бичгийн дарга цөмийн технологиос бүрэн татгалзахгүй байхад уриалж байна. Тэрээр ДПА-д ярихдаа, цөмийн синтезийн салбарын судалгаа шинжилгээг өргөжүүлэх, цөмийн хуваагдлын аюулгүй, шинэ технологиудын олгож буй боломжуудыг ашиглах зэргийг энд дурджээ. Германы сангийн сайд, Чөлөөт Ардчилагчид намын дарга Кристиан Линднер мөн АЦС-уудыг нөөцөд байлгаж, задалж буулгахгүй байх ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ сарын 10-нд нийтлэгдсэн “Югов”социологийн хүрээлэнгийн асуулгад оролцсон германчуудын гуравны хоёр шахам нь Германы үлдсэн АЦС-уудыг хаахыг дэмжээгүй. Асуулгад оролцогчдын 32 хувь нь АЦС-уудын ашиглалтын хугацааг хязгаарлагдмал хугацаагаар сунгах шаардлагатай гэсэн бол, 33 хувь нь бүр хязгааргүй хугацаагаар сунгахын төлөө байр суурь илэрхийлжээ.

Харин дөнгөж 26 хувь нь Германд одоо ажиллагаатай байгаа АЦС-уудыг даруй хаах нь зүйтэй гэж үзсэн байна. 2011 онд Японд болсон Фукушима-1 атомын цахилгаан станцад гарсан томоохон сүйрлийн дараа Ангела Меркелийн засгийн газар атомын эрчим хүчнээс татгалзах шийдвэрийг гаргасан. Улмаар сүүлийн гурван АЦС-ыг 2022 оны сүүлээр сүлжээнээс салгах ёстой байжээ. Гэвч Украины дайн, түүнээс үүдэлтэй эрчим хүчний хямралын улмаас засгийн газар АЦС-уудыг сүлжээнээс салгах хугацааг энэ 4-р сарын 15-н болгож хойшлуулсан учиртай байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна