Суданы арми болон “Шуурхай дэмжих хүч” нэртэй цэрэгжсэн бүлэглэл хооронд саяны бямба гарагаас байлдаж эхэлсэн мэдээ олон улсын хамгийн халуун сэдэв болоод байна. Нийслэл Хартум болон өөр бусад томоохон хот бүс нутагт үргэлжилж байгаа тулалдаан цэргийн эрх баригчдын хоорондох төрийн эрх мэдлийн төлөөх ширүүн тэмцлийн нэг хэсэг болж байгааг олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.
2019 онд Суданд гарсан цэргийн эргэлтээр удаан хугацаанд дангаар засаглал тогтоосон ерөнхийлөгч Омар Баширыг түлхэн унагаснаас хойш энэ улсад генералууд засаглаж байгаа. Одоогийн байлдаан мөргөлдөөн нь хоёр тал, улс орноо иргэний засаглалд хэрхэн шилжүүлэх асуудал дээр санал зөрөлдсөнөөс үүдэлтэй байна. Тулааны явцад 50 гаруй хүн амь эрсэдсэн, шархадсан хүний тоо 1000-аас давсан гэж нэг мэдээлэлд дурдсан байна. Ням гарагт хоёр тал шархдагсдыг нүүлгэн шилжүүлэх, энгийн иргэдийг байлдааны бүсээс гарч явах боломж олгох үүднээс хэдэн цагийн хугацаагаар гал зогсоосон, гэхдээ талууд энэ дэглэмийг бүрэн дагаж мөрдөөгүй гэдэг мэдээллүүд байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хүчирхийллийг нэн даруй таслан зогсоохыг уриалсаар байна. Арабын тэргүүлэх орнууд болон АНУ иргэний засгийн газар байгуулах яриа хэлэлцээг сэргээхэд уриалсан бол, Африкийн холбоо гал зогсоох асуудлаар тохиролцуулахаар өөрийн өндөр тушаалын дипломатчийг илгээхээр болсноо зарлаад байна. Египет, Өмнөд Судан улсууд мөн дайтагч талуудын хооронд зуучлах санал тавьсныг египетийн ерөнхийлөгчийн мэдээлэлд дурджээ. Гэвч дайтагч талуудын хийж байгаа мэдэгдлүүдээр бол, Суданд одоо засаглаж байгаа генерал Абдель Фаттах аль-Бурханд үнэнч армийн салбарууд болоод Шуурхай дэмжих хүч хэмээх хувийн цэрэгжсэн бүлэглэлийг тэргүүлэгч генерал Мохамед Хамдан Дагало нарын аль аль нь одоогоор тулаанаа зогсоох бодолгүй байна. Мөн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, энэ хоёр генералын зөрчилдөөний нэг гол асуудал нь, 100 мянган хүнтэй Шуурхай дэмжих хүч гэх хувийн цэрэгжсэн бүлэглэлийг армид нэгтгэх, дараа нь энэ шинэ хүчнийг хэн тэргүүлэх вэ гэдэг дээр байна. Суданы ерөнхий сайд асан Абдалла Хамдок өчигдөр хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, дайтагч талууд тулаанаа зогсоохгүй бол Судан улс иргэний дайны ирмэгт тулж ирлээ гэж мэдэгдсэн байна. Мөн тэрээр аливаа гадны оролцоог үгүйсгэж, харин олон улсын хамтын нийгэмлэгийг улс төрийн яриа хэлэлцээг сэргээх чиглэлд эерэг үүрэг гүйцэтгэхэд уриалсан байна.
Нийтэлсэн: Moнголын мэдээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна