Төмөрбаатарын БАТСАЙХАН
УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан. Үүнээс хойш хэргийн учиг тайлагдалгүй 25 жил өнгөрчээ. Хамгийн сүүлд 2016 онд С.Зоригийн хэрэг илэрсэн тухай хуулийн байгууллагынхан ээлжит мэдэгдлээ хийж байв. Улмаар 2016 онд шүүх ажиллагааг эхлүүлж, аллага үйлдсэн хэмээн үзэж Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Мөн удахгүй Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө даргалж хуралдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгож эцэслэн шийдэж байв. Гэвч энэ хэрэг дахин задарлаа. Шүүхээс Б.Содномдаржаад, Т.Чимгээ 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан бол хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр нь мөн гарч байгаа юм байна.
С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өчигдөр гурван ч газраас тайлбар мэдээлэл өгөв. Нийслэлийн прокурорын газраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн бол ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Хэрэг хуучирдаггүй, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулна” гэв. Мөн ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж мэдээлэл хийж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт төр нөхөн олговор олгох ёстой гэв. Ийнхүү С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин “задаллаа”. Нөхцөл байдал цаашид яаж үргэлжлэх нь анхаарал татаж байна. Өчигдөр мэдээлэл хийсэн талуудын байр суурийг хүргэе.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа:
-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг мөрдөх байгууллагаас таван удаа ирүүлсэн. Нийслэлийн прокурорын газраас хянаж үзээд дөрвөн удаа буцаасан. Харин тав дахь удаагийн хүсэлт гуравдугаар сарын 15-нд ирсэн бөгөөд хэлэлцэж үзснээр, цугларсан нотлох баримт хангалтгүй, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, эргэлзээ бүхий байна гэснээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Улмаар дээд шатны прокурор шийдвэрийг хянах ёстой, хянах ажиллагаа явагдаж байна. Дараа нь хэргийн оролцогч нарт тогтоолыг танилцуулна. Иймд тогтоол хараахан хүчин төгөлдөр болоогүй байгаа гэдгийг тодотгох нь зүйтэй.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
-Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүсийн тухайд эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байна. Мөн энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдсан. Хэрэг хуучирдаггүй. 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилнэ. Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан.
ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж "Үнэнд гүйцэгдэнэ гэж зүйл байдаг. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн шүү дээ. Энэ асуудлыг би хөндөж яриагүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шоронд үхэх байсан. Ийм нийгэмд хүнийг цусгүй хэлмэгдүүлнэ гэж байж болохгүй шүү дээ. Дарангуйлал тогтчихсон байсан. Дарангуйллыг нураах гэж байдгаараа тэмцсэн. Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй мөртлөө. Гурван шатны шүүх ийм л байсан. Би хүн хэлмэгдүүлэхийг, дарангуйллыг үзэн яддаг. Монголд дарангуйлал би болчих гээд байсан учир үүнтэй тэмцсэн. Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлөх ёстой.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна